Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сонгууль ба сошиал медиа
2016 оны 6 сарын 7 [Уншсан тоо: 64876]




УЛАМЖЛАЛТ ХЭВЛЭЛ УЛАМ БҮР ЯЛАГДСААР

Дэлхийд алдартай Их Британы шар сайт “dailymail.co.uk” нь Монголд гар утсаар хийсэн 2-хон минутын бичлэг фэйсбүүкт тавигдаад  сая гаруй хандалт авсан тухай саяхан мэдээлэв. УАЗ-469 автомашинаас 35 хүүхэд бууж ирж байгаа, Баян-Өлгийд авсан бололтой уг бичлэг нь “Mongol Bodol” хэмээх пэйжид тавигдаад сарын дотор 2.8 сая хүнд хүрчээ.

Өнөөдөр сошиал медиагийн хүртээмж, хүрээ нь ингэж асар ихээр өсчээ. Телевизийн цуутай нэвтрүүлэг “Цензургүй яриа”-нд оролцсон Ерөнхийлөгчийн ярилцлага 225 мянган хүнд хүрсэн тухай  “Максима консалтинг” компани гаргасан байсан бол  улстөрч Л.Гүндалайн “Монголоороо байгаарай” клипийг 831 мянган хүн, зөвхөн фэйсбүүкээр үзжээ. Аймаар...   

“We are Social” гэдэг гадны компани 2016 оны нэгдүгээр сарын байдлаар улс орнуудын сошиал хэрэглээний тоог гаргахдаа Монголд 1.30 сая хэрэглэгчид байна гэж тодорхойлсон юм. Фэйсбүүкт монголчууд сая орчим, твиттэрт 200-300 мянгаараа байдаг гэхээр Л.Гүндалайн хөгжилтэй клипийг төдий дайны хүн үзэх нь аргагүй.  

Хэвлэл мэдээлийн уламжлалт хэрэгслүүд болох сонин, сэтгүүлүүд сошиал медиа, онлайн зах зээлд аль хэдийнэ бууж өгсөн бол, одоогоор зөвхөн телевизийн салбар л өрсөлдөх хэмжээнд байна. Гэвч жил тутам үзэгчдийн тоо цөөрч, телевизүүд онлайн тв, ОТТ буюу интернэт ашиглан кино, тв зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой технологи руу хувирч эхэллээ.

Таван зуугаас мянган ширхэг хэвлэгддэг байгаа Монголын сонин, сэтгүүл байтугай 5000-8000 хувь хэвлэгддэг өдөр тутмын сонины хүртээмж нь 50-60 мянган дагагчтай ганцхан хүний сошиал аккаунтад ч хавьтахгүй хэмжээнд хүрээд байгаа нь маргашгүй үнэн. Товчхондоо бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онлайн, сошиал медиа руу зүсээ хувиргахгүй бол “амьд үлдэх” боломж нь улам багасаар байна.


СОНГУУЛЬ БА СОШИАЛ МЕДИА



2012 оны сонгуулиар сошиал медиаг улстөрчид бараг тоогоогүй юм.  2012 оны 5 сард твиттэрт 21-хэн мянган дагагчтай байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дагагчийн тоо өнөөдөр 120 мянгад хүрч,  зургаа дахин өсжээ. Сошиал медиа хэрэглэгчийн тоо сансрын хурдаар өссөн тул дагаад сурталчилгаа хийх пүүс компани, байгууллагууд төдийгүй улстөрчид, намууд ч анхаараад эхэлсэн. Өнөөдөр хамгийн олон дагагч, лайктай аккаунтын ихэнх нь урлаг, соёлын одод гэхээсээ илүү улстөрчид. Ирэх сонгуулиар сошиал медиад улстөрчид ихэд анхаарал тавьж, ихээхэн мөнгө төгрөг цацах нь тодорхой байна.

МАН, АН болон бусад намууд сошиал медиад олон мянган дагагчтай пэйж хуудсууд худалдан авч, эсрэг намынхаа лидерүүдийг элэглэж, доромжлох ажлаа аль хэдийнэ эхэлчихсэн. Тэд твиттерт коллеги, компанийн хэмжээнд зохион байгуулагдсан хувь жиргээчидтэй наймаа тохирч, эсвэл олон дагагчтай аккаунтыг худалдах авах зэргээр сонгуульдаа бэлтгэж эхэлсэн нь нууц юм ердөө биш. 

Улстөрчдийн хувьд сошиал медиа нь элдэв ажиллагаагаа дураар явуулах талбар, хагалж амжаагүй атар онгон газар мэт харагдаж байгаа. Сошиалтай харьцуулбал сонин сайтууд гүтгэлэг, доромжлол тараавал сонгуулийн хуулиар лицензээ хураалгах, хаалгуулах, торгуулах ялтай бол, телевизүүд сурталчилгааны цагийн хяналтаа Харилцаа холбооны зохицуулах газарт хянуулаад сууна.

Товчхондоо уламжлалт хэвлэлүүд нь буух эзэнтэй буцах хаягтай тул хууль зөрчвөл хариуцлага үүрэх бол сошиал медиа сул чөлөөтэй тул сонгуулийн үеэр хэрхэн “солиорох” нь сонирхол татаж байна.


СОШИАЛ МЕДИАГ ХААЖ ЧАДНА БА ЧАДАХГҮЙ

2015 оны 12 дугаар сарын 25-наас шинээр хэрэгжиж эхэлсэн “Сонгуулийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйл заалтаар интернэт орчиноор сурталчилгаа явуулах тухайг заажээ. Тус зүйлийн 83.7-д “Энэ хуулийн 83.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана” гэжээ. Энэ заалтаас үзвэл фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сувгуудыг хэсэг хугацаанд хааж мэдэхээр байна. Хэрвээ хэн нэгэн нэр дэвшигч, нам, эвслийг гүтгэсэн, муулсан пост, жиргээний дагуу гомдол гарч, тухайн постын эзнийг хайж олох боломжгүй бол тухайн сошиал сувагт хандах хандалтыг тэр чигээр нь зогсоож болно гэсэн заалт бол энэ.



Монголын 1.30 сая сошиал медиа хэрэглэгч нь дэлхийгээр нэг тархан амьдардаг нь мэдээж учир тухайн постын эзнийг хайж олох хэцүү. Дурын программ ашиглан дурын орныхоо IP хаягаар сошиал медиад л ороод юу дуртайгаа хийх, хүний зураг, нэр ашиглан гутаах доромжлох, өөрийнх нь дүрд тоглон тэнэг мал мэт харагдуулах гээд муу заль мэх сошиал медиад хязгааргүй.

АТГ, ТЕГ, ЦЕГ цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулаад гаднаас өндөр үнээр программ авч ашигладаг байж магадгүй. Викилийкс сайтад “FinFisher” гээд олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем худалддаг байгууллагад Монгол Улсын Засгийн газраас 16 удаагийн давтамжтайгаар 1.358.160 евро төлж, программ хангамжийн системийн лицензүүд авсан тухай баримт хуучраагүй.  Хэдий гүтгэлэг тараагчийг бариад авах боломж байлаа ч Үндсэн хуулиар хувь хүний эрх, нууцлалтай холбоотойгоор дээрх программыг ашиглаж болох эсэх, түүнийгээ нотлох баримт болгож, шүүхэд ашиглаж чадах эсэх нь мөн л маргаантай, шийдэгдээгүй асуудал юм. Ер нь гүтгэсэн этгээдийг  олох гэсээр байтал сонгууль нь дуусч мэднэ. 

Нөгөө талаас Монголын 1.30 сая сошиал медиа хэрэглэгчийг эрхийг сонгуулийн хуулиар шалтаглан хаачихвал буцаад ирэх эсэргүүцлийн давалгааг төр засгийн удирдлагууд дааж чадахгүй гэж хэлэх нэгэн байна. “Дагаад үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хаагдсан гээд ардчиллын маань нэр хүнд сэвтэж мэднэ. Ийм эрсдлийг үүрэхгүй л болов уу” гэж сошиал медиаг идэвхитэй хэрэглэгч нэгэн ярилаа.  


ҮНЭНЭЭР ЯВСАН НЬ ХОХИРДОГ

Твиттерт “Бат инженер” гэдэг нэртэй олон дагагчтай жиргээчийг тухайн үеийн сайд А.Гансүх хуулийн байгууллагаар баривчлуулж, шүүхээс ял өгүүлж байлаа. Хэнийх нь зөв, буруу тухай энд ярихгүй. Хэрэв “Бат инженер” сошиал медиад өөрийн нэр зургаа тавихгүйгээр түүнийг гүтгэн доромжилсон бол А.Гансүх болоод хуулийн байгууллага түүнийг олж чадах эсэх нь юу л бол. Ингэхээр нэр, хаяг нь хуурамч аккаунттай хүн бусдыг муулах, жинхэнэ аккаунтай нь бусдыг шүүмжлээд хариуцлага хүлээж байгаа нь хуулийн өмнө тэгш эрхгүйд хүргэдэг.

Иймээс Твиттэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох “Call Pro” компанийн захирал Б.Идэр-Од “Сошиал медиаг хэвлэл мэдээллийн байгууллагад тооцож болохгүй” хэмээн ярилаа. Ийм тэгш бус эрхтэй байхад сошиал медиа хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэж буруу гэж үзэж байгаа нь үнэний ортой. Зөвхөн манайд ч зөвхөн биш сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд идэвхжсэн шинэ үзэгдэл болох сошиал медиаг хэвлэлд тооцох нь маргаантай хэвээр байна.


ХЭРХВЭЛ ЗОХИЛТОЙ ЮМ БЭ?

Сошиал медиа нь хууль бус, хувь хүний нэр төрд халдсан, гүтгэлэг, оюуны өмчид халдсан садар самуун сурталчилсан зэргийг мэдээлэх “репорт”-той. Тухайн репортыг хянаад төв компани нь арга хэмжээ авдаг. Гэсэн ч бидний монголчууд энэ талаар мэдлэг нэн сул. Сонгуулийн боловсрол гэдэг шиг сошиал медиагийн тухай ойлголт тун ч нимгэн. Фотопошоор хийгдсэн, худал хуурмаг, зөвхөн нэг талаас нь харуулсан видео бичлэг, хуулийн байгууллагаар тогтоогдоогүй баримт сэлтэд итгэн түгээж, шуугилдаж дэвэргэх нь олонтаа.

“Сонгуулиар сошиал медиа яг “солиорно”. Аймшгийн юм болох учир бараг хаасан нь дээр дээ” гэж Монголдоо нэртэй жиргээч халаглалаа. Сошиал хэрэглэгчид лайк, шэйр цуглуулах донгоороо хувь хүний нууц, эрхэнд халддаг байсан бол сонгуулиар зорилготойгоор гүтгэлэг явуулах нь тун магад үнэхээр л “солиорч” мэднэ.

Гадны хөгжилтэй улс орны хэрэглэгчид бол элдэв нэр хаяг нь хуурамч бол найзлах, дагахгүйгээс гадна аливаа хуурамч гүтгэлгийг тодруулахгүйгээр дэмждэггүй, харин нь ч рефорт спамыг олноо хийдэг байна. Жишээлбэл, Их Британид хуурамч хаягийг зөнд нь хаячихдаг, огт дагадаггүй гэнэ. Ингэж сошиал медиа хэрэглэгч нь өөрөө сошиал боловсролтой өндөр тул ийм маягаар “цэвэрлээд” явдаг. Гэлээ ч шүүмжлэх, шоолохоо хаяхгүй, хуулийн хүрээнд хөгжилтэй байдлаар troll-дож байгаа нь харагддаг.

Б.Идэр-Одын зөвлөсөнөөр хуурамч, хулхи аккаунттай тэмцэх хамгийн зөв арга нь тухайн хүн нь өөрөө сошиал медиад орж ирэн “би” хэмээн таниулах хэрэгтэй гэнэ. Дээрээс нь албан ёсны “Verified” болчихвол бүүр ч найдвартай гэсэн.

Цагдаагийн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан фэйсбүүк, твиттерт уриалга гаргаад олны танил сошиал медиа хэрэглэгчдийг урьж оролцуулаад зөв бурууг, репорт спамын тухай ойлголтыг олон нийтэд зааж зөвлөбөл зүгээр мэт. Хүнд өвчин, ядуу хүмүүст туслах аян өрнүүлдэг шигээ “Саар мэдээг сошиалиар дэмжихгүй, тараахгүй байх Сайн үйлсийн аян” санаачилбал зүгээр ч юм шиг.

“Үндэсний тойм” сэтгүүл
2016/03/02





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив