Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”Дахин төрсөн” бүсгүй
2013 оны 4 сарын 8 [Уншсан тоо: 220689]
Сан Мён Мүүний үүсгэсэн Unification church буюу Эв нэгдлийн сүм нь Satanists, Scientlogy Church, The Amish, Jehova’s Witnesses урсгалуудын хамт хамгийн харгис таван шашинд тооцогддог. Unification church буюу товчхондоо Мүүний шашин нь олон оронд хориглогдсон шалтгаанаасаа болоод ч тэр үү, маш нууцлагдмал. Шашин ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг ажилладаг. Мүүний шашин нь дэлхий даяар 600 гаруй төрийн бус байгууллагатай, тэдгээрийн нэр, хаяг нь байнга өөрчлөгдсөөр иржээ. Гэхдээ эдгээр байгууллага нь “энх тайван”, “дэлхий”, “олон улсын” гэсэн тодотголоос огтхон ч салдаггүй учраас танихад тун амархан.

Мүүний шашны Монгол дахь салбарт ажиллаж, сүүлдээ чухам юунд зүтгэж яваагаа ухаараад гарсан Т хэмээх бүсгүйтэй ярилцлаа. Нэр ус, нутаг усаа нууцлахыг хүссэнийг хүндэтгэх нь зүйтэй болов уу.

Дээд сургуульд элсээд удаагүй,  нэгэн аймгийн Т бүсгүй ангийн андын санаачлагаар Дэлхийн энх тайвны төлөөх залуучуудын холбоо гэдэг байгууллагад хамрагджээ. Ангийн анд нь гэрчлэл буюу гишүүн элсүүлэх даалгавартай явсан бол Т бүсгүйд зуны амралтаар охид, залуусыг зусланд амраадаг нь таалагдсан хэрэг. Аймагтаа, тэрхүү байгууллагын сургалтад анх суухад шашны тухай огт дурдаагүй, зөв амьдрал, зөв зуршлын тухай, гэр бүлдээ үнэнч байх, архи тамхийг зохистой хэрэглэх тухай “цагаан” лекц сонссон учир Т охинд “Нээрээ л зөв шүү” гэсэн анхны сэтгэгдэл үлдээжээ.

Дөнгөж 20 хүрсэн Т бүсгүй дараа жил нь буюу 200. онд өнөөх сургалтдаа суугаад, залуу хүний дэврүүн хүслээр мүүнийхэнтэй хамт Улаанбаатарыг зорьжээ. Түүний төрж өссөн аймгаас нэг үеийн 12-13 залуу цуг явсан аж. Нийслэлд ирээд XIII хороолол, хуучин East төв хажууханд орших хаяг тэмдэггүй байранд буусан байна. Уг байранд 18 аймгаас ирсэн үеийн тэнгийн 100 гаруй хүүхэд залуус цуглаж, тэдэнтэй танилцаж, хөгжилдөх нь Т бүсгүйд таалагдсан нь мэдээж. Үе тэнгийн үхэр, хонь жилтнүүдийг удалгүй Баянголын зусланд амраажээ.

Мүүнчдийн арга нарийн аж. Сургалт лекц нь 7, 10, 21, 40 хоног гэсэн дөрвөн үе шаттай явагддаг. Эхний шатуудад шашны байгууллага гэдгээ мэдэгдэхгүйн тулд сайн сайхан амьдрах арга ухаан, амьдралын зөв хэвшлийн тухай хичээл заадаг юм байна. Удаах шатуудад арай гүнзгийрүүлж, Адам Евагийн алимны үлгэр, хүн төрөлхтөн болоод бүх шашин мухардалд ороод байгаа тухай учирлаж, цаашлаад Мүүний урсгалыг үндэслэгч Сан Мён Мүүний цадиг, түүний туулсан амьдралын тухай өгүүлдэг Тэнгэрлэг зарчим сургаалын номоо заадаг байна. Ерөнхийдөө бол аажмаар дасгах арга ухаан хэрэглэдэг гэсэн үг. Тэнгэрлэг зарчим нь Танилцуулга Бүтээл, Уналт, Дахин сэргээлт, Аврагч, Сүүлчийн өдрүүд, Аавын замнал, Адислал, Гэрчлэл, Фандрайзинг гэх мэт цуврал лекциэс бүрддэг бөгөөд “Есүсийн дараа төрсөн Аврагч” хэмээн өөрийгөө зарладаг Сан Мён Мүүн нь хэрхэн шашин, гэр бүлийг аварсан, аварч байгаа тухай бүрэн ойлголт суулгадаг “шаштир” юм.

Шашны байгууллага гэдгийг нь мэдэлгүй ирсэн хүүхэд, залуучуудын зарим зугтдаг, цуглаандаа ирэхээ больдог бол амьдралын боломж тааруу, хүнд хүчир зовлон туулсан, хотод таньж мэдэх хүнгүй, очих айл, орох оронгүй хэсэг нь “Надад үүнээс өөр боломж үгүй” гэж үзээд үлддэг байна.

Т бүсгүй “Надад хотод үлдэж, байр сууриа олох хүсэл байсан, таалагддаггүй байсан ч гэсэн шууд гарчихвал ажил төрөлгүй, очоод тулж түших танилгүй учраас сургалтаа үргэлжлүүлээд суухаар шийдсэн” хэмээн яриагаа үргэлжлүүлээ.

Анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг дүүргэсэн тэрээр гишүүн гэх сэтэр зүүх болж, цааш үргэлжлүүлэн Leadership development course буюу Лидер бэлтгэх курс нэртэй бүтэн жилийн сургалтад суужээ. Т энэ лекцэнд суух хугацаандаа XIII хорооллын мөнөөх байранд бүтэн жил амьдарчээ. Курст 40-өөд хүүхэд хамрагдаж, гурван өрөө байрны хоёрт нь эмэгтэйчүүд дээд, дунд сургууль төгссөн гэсэн боловсролын түвшингээрээ хуваагдан суурьшиж, үлдсэн өрөөнд нь 10 гаруй эрчүүд байрлажээ. Т охиныг лекцэнд хамруулах үедээ 100 орчим мянган төгрөгийг “өргөл” хэмээн мүүнчид авчээ.

Ирээдүйн лидер болох залуучууд өглөөний таван цагаас оройн 23 цаг хүртэл цагийн хатуу хуваарьтай, телевиз үзэх, радио сонсох, сонин унших хориотой. Таван цаг гэхэд бүгд лекцийн танхимд цугларч, тэнгэрлэг эцэг Мүүнийг магтан дуулж, сүмын удирдах албан тушаалтнууд, адислагдсан гэр бүлийн гишүүдээс шашны лекц сонсдог байна. Үүнийгээ Үнэн үг сонсох, Үнэн үг өгөх хэмээн нэрлэнэ. Зургаан цаг өнгөрч, мөргөл дуусахаар бүгд байраа цэвэрлээд долоон цагт өглөөний цайгаа ууна. Наймаас есөн цаг хүртэл фандрайзинг буюу бараа зарж борлуулах ажлыг хэрхэн хийх талаар лекц сонсдог байж. Захаас хямд үнээр авсан бал, оймс, дэвтэр зэрэг барааг “тусламж, буян үйлдэх” нэрийдлээр хэрхэн үнэ хүргэж зарах, хүмүүст хэрхэн итгэл үнэмшил төрүүлэх тухай сонссон хүүхдүүд 9 цагаас фандрайзиндаа гарна. Өдрийн хоол хүртэл энэ ажлаа хийгээд ирж хооллочихоод буцаад гардаг гэнэ. 18 цагт “ажлаасаа” буусан хүүхдүүд зарагдаагүй бараагаа тоо ширхэгээр нь буцааж, орлогоо тушаадаг. Ганц ч бал зараагүй нэгэн байхад амны фигур сайтай, сэргэлэн зарим нь 200 гаруй мянган төгрөгийн орлоготой ирдэг байсан гэж Т бүсгүй дурслаа. Фандрайзингийн орлогыг тэдний байрны төлбөр, хоол унданд нь зарцуулдаг бөгөөд хүнс нь аарцтай будаа, бэрээс, будаатай хуурга гэхчилэн будаа голлосон монгол хоол байжээ.

Залуус байгаа газар хайр дурлал, үерхэл өрнөх нь тодорхой. Гэсэн ч үүнийг нэн хатуу хориглодог гэв. Гүнзгий түвшний лекцэд хамрагдах үеэс бүгдэд нь хэн нэгэндээ хайрлаж дурлаж болохгүйг, үерхэхгүй байхыг, хэнийг ч “Та” хэмээн хүндэтгэн дуудахыг ойлгуулдаг аж. Христийн сүмийн гишүүд хоорондоо гэрлэж болдог бол Мүүнд хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн Адислалын ёслолоор гэрлүүлдэг зарчимтай. Гэсэн ч Т бүсгүйд хэд хэдэн хайрын захидал ирж байсныг хадгалсанаа үзүүллээ.

“Гаж санагддаг зүйл нь “Дахин төрөлт” хэмээх ёслол” гэж Т бүсгүй яриагаа үргэлжлүүлнэ. “Та нар бүх лекцийг сонслоо. Одоо шинээр дахин төрнө. Та нар үхэх учраас гэрээслэл бич. Гэрээслэлээ уншуулах хүнийхээ нэрийг дугтуйн гадна бичээрэй” гэж нэг өдөр удирдагч багш сурагчиддаа хэлжээ. Амьдралдаа хийсэн алдаа мадаг, уучлалт, хүслээ бүгдийг чин сэтгэлээсээ бичсэн хүүхдүүд олон гарсныг Т дурсав. Учир нь түүнээр гэрээслэлээ уншуулах хүсэлтэй хүүхэд олон гарчээ.

Тэднийг багш нар нь дагуулан шөнийн 12 цагт уулын модонд аваачжээ. Ухсан нүх, модон авс, биеийг нь ороох цагаан даавууг хэдийнэ бэлдсэн байсан гэнэ. Бүгд нүхийг тойрч зогсоод ээлжлэн нэгнээ цагаан даавуугаар ороон, авсанд хийж, доош буулган хэдэн хүрз шороо хаяад толгой дээр нь гэрээслэл уншжээ. “Би жаахан охин байсан. Гэрээслэл бичнэ гэхээр толгойд үнэхээр буугаагүй ч бусдаас хуулж байгаад хэдэн өгүүлбэр бичсэн. Бусад хүүхдүүд ямар аймаар гэрээслэл бичсэн гээч. Аав, ахдаа хүчиндүүлж байсан тухайгаа, хэн нэгэнд хайртайгаа, түүнтэйгээ секс хийхийг маш ихээр хүсдгээ гээд хамаг амьдралаа бичсэн байсан. Би тэдний гэрээслэлийг унших үед үнэхээр шоконд орсон” гэж ярьсан Т бүсгүйн царай барайна. Түүний хэлснээр голдуу амьдралын хүнд нөхцөлд бага насаа өнгөрөөсөн хүүхдүүд дийлэнх учир чин үнэнчээр итгэн сүсэглэдэг байсан гэнэ.

Жинхэнэ эцэгт (Мүүнд) үнэнч байх магадлалтай, итгэлтэй залуу, бүсгүйд ирдэг дараагийн санал бол Адислалын ёслол. Адислалын ёслол нь гэрлүүлэх ёслол бөгөөд Мүүний том үйл ажиллагаа юм. Магадгүй энэ шашныг мөнгөөр тэтгэдэг гол ажил ч байж мэднэ. Монгол итгэгч нь дотоодын иргэнтэй адислагдах бол 500 орчим ам.доллар, гадаадын хүнтэй бол бүр илүүг төлдөг. Америк мүүнчин 2 000 ам.доллар төлдөг байхад япон иргэн 29 000 ам.доллар төлсөн баримт интернэтэд бий. Монгол итгэгч ихэнхдээ япон, солонгосчуудтай адислагддаг гэнэ. Адислах ёслолд гадаад, дотоодын хүмүүсийг гэрэл зургаас нь сонгон гэрлүүлдэг бөгөөд хэн хэнтэй суухыг удирдлагууд шийднэ. Олон улсын гэрлэлтийг шашны толгой Сам Мён Мүүн (одоо бол түүний хүү Хён Жин Мүүн) шийдэж, монголчууд улс дотроо гэрлэхийг Дэлхийн энх тайвны төлөөх хөх толбот монгол угсаатны холбооны ерөнхийлөгч Пак Бу Хи шийддэг гэнэ. Пак Бу Хи бол Монголд олон удаа ирсэн эрхэм бөгөөд эцэг Мүүний багын найз, зүтгэлт анд бөлгөө.

Хэдийнэ адислагдсан, мүүнчин багш нар адислуулахыг хүсэгчдийг бэлдэнэ. “Чи суухыг хүссэн хүнээ сайн бодож мөргөж, залбираарай. Тэр ямар ч хүн байж болно, хөгжлийн бэрхшээлтэй ч байж мэднэ. Тийм байлаа ч чиний зүрх сэтгэл чинь бэлэн байх ёстой” гэж хэлдэг гэнэ.

Адислалын ёслолыг монголчууд энгийнээр “нийлүүлэлт” гэж ярьдаг. Нийлүүлэлтэд орохоор зургаа явуулаад залбирч суугаа монгол залуу мүүнчид дундаа царайлаг, чийрэг сайхан биетэйг сонгоод Пак Бу Хитэй ойр дотно монгол удирдлагуудтай ярьж тохиролцоод өөртэйгөө адислуулчихдаг “хийдүүлэлт” их гардаг аж. Эцэг Мүүн сонгосон хэмээн итгэж, үнэн сүсэглэсэн монголчууд тийм найрааг мэдчихээд олноороо гарч явсан удаа бас бий.

Мүүн Улаанбаатарын дүүрэг болгонд төвтэй бөгөөд гишүүд нь өөрийн амьдарч, ажилладаг дүүргийнхээ төвдөө харъяалагдаж, цалингийнхаа 10 хувийг хандивладаг гэнэ. Адислагдсан гишүүд бол 30 хүртэл хувиа шашиндаа тушаадаг зарчимтай. Ажил төрөлгүй гишүүд аль нэг сайн дурын байгууллагад ажилладаг. Т охин лидерийн сургалтаа дүүргэсний дараа Мүүний Монгол дахь олон сайн дурын байгууллагын нэг болох “Энхийн төлөө үйлчлэхүй” байгууллагыг XIX хороололд байрлаж байхад хэсэг ажиллажээ. Түүнтэй хамт суралцаж байсан итгэл үнэмшилдээ үнэнч, сүсэг ихтэйчүүд нь цаанаасаа сонгогдоод Солонгост суралцахаар явж, үлдсэнийг Монгол дахь салбаруудад хуваарилжээ. Энхийн төлөө үйлчлэхүй байгууллагад байхад мөргөл хийх зэрэг ганц нэг шашны арга хэмжээ хийхээс бусдаар хэтэрхий шашинжаад байхгүй нь амар байсан гэлээ. Сайн дурын байгуулагууд нь өнгөн талдаа бол шашны тухай огт дурсахгүйгээр шашиндаа шинэ залуучууд элсүүлэх зорилготой байдаг гэнэ билээ.

Т бүсгүй Энхийн төлөө үйлчлэхүйн хамт Шарын гол, Эрдэнэт, Дарханд сайн дурын ажил явуулж, сургуулийн орчныг сайжруулж, будаж янзалдаг байжээ. Энэ ажилд оролцохоор Солонгосын их дээд сургуулиас олон оюутан ирж, мөнгө, хөлс, хүчээ зарцуулжээ. Солонгос оюутнууд бусдад тусалж байгаа гэсэн бодолтой ирснээс биш мүүний байгууллагад ажиллаж яваагаа мэдээгүй хэмээн Т хэлэв. Харин Энхийн төлөө үйлчлэхүй ТББ солонгос оюутнуудаар сурталдан орон нутгийн залуусыг татаж чадсан гэнэлээ.

Мүүний шашин нь Жинхэнэ эцэг эх бол Мүүн, Жинхэнэ эх бол түүний эхнэр гэж сурталддаг, сүмийнхэн бол нэг гэр бүл гэж ойлгуулж, хүүхдийг эцэг эх, найз нөхөд, нийгмээс бүрэн таслачихдаг учраас мүүнээс гарагсад хэсэгтээ л ганцаарддаг ажээ. Т бүсгүй 200. онд Мүүнээс гарчээ. Өмнө энэ шашнаас гарсан найз бүсгүй нь түүнд сайн ажил олж өгсөн тул тэрээр огтоос итгэж үнэмшээгүй Т дуртайяа орхисон гэнэ. Гэхдээ тэр Мүүнд явсандаа харамсдаггүй. Хотод ирж, ажиллаж амьдрах, боломж гаргасан учраас харамсдаггүй гэж хэлээд Т яриагаа дуусгалаа.


Хослол: Сан Мён Мүүний гэрэл зургаар нь нийлүүлсэн хосууд Эв нэгдлийн сүмийн бэлгэ тэмдэг бүхий хуримын бөгж солилцдог ажээ. Хайрын бэлгэдэл бөгжийг ядам хуруундаа зүүсэн хос харин сүм хэмээх том дөнгө хүзүүндээ углуулдаг байж ч мэднэ.


Сегмент: Эв нэгдлийн сүмийнхэн хөдөө орон нутгаас ирсэн залууст гол анхаарлаа хандуулдаг бөгөөд оюутнуудад ч “хожоотой” санагддаг аж. Гэхдээ тэд хананд зураг нь өлгөөтэй байгаа Жинхэнэ эцэг Сан Мён Мүүн болоод Жинхэнэ эх Хан Хаг Жа нарын ачийг хариулах өртэй үлдэнэ.


Зун цаг сайхан: Зуны сургалтаар өнөөгийн манай нийгмийн гол асуудал болсон гэр бүл салалтыг гарган тавьж, гэр бүл гэдэг ямар чухлыг ухуулснаар хэн хүнгүй үг сургаалыг нь дагахад бэлэн болж ирдэг аж. Гэхдээ зөвхөн сүмийн гишүүд тэдний гэр бүл болж харин итгэлээр амьдраагүй төрсөн нь сатаан болох үйлтэйг удалгүй мэдэж авна.


Соронз: Залуу хүнд мөнгөнөөс илүү амбиц чухал. Үүнийг GPYC алдвал номонд хазгай бөгөөд лидер болох хүсэлтэй залуус харин Эв нэгдлийн сүмийн номлолыг аажим сонсож гишүүн болох эсэхээ шийднэ.


Зарчим: Жинхэнэ гишүүд Жинхэнэ эцэг эх хийгээд тэднийг тойрон хүрээлэгч 26 гэр бүлийн өмнө үг дуугүй номхон хүлцэнгүй захирагдаж, амь амьдралаа Эв нэгдлийн сүмийн төлөө зориулах учиртай. Монголчуудын эцэг доктор Пак Бу Хи-гийн үгийг сонсож мэхийн ёслох нь зүй ёсны хэрэг юм.


Ариун үйл: Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон гэрэл зургийг харан хос нийлүүлэх нь Сан Мён Мүүний үндсэн ажил. Гэхдээ хосууд хэн хэндээ сэтгэл хангалуун амьдаръя гэвэл жаахан “гар хүндрүүлэх” хэрэг ч гардаг бололтой.


Нийлүүлэлт: Солонгосын олон ангит сериалын амтанд хэдийнээ орчихсон монгол залуус солонгос бүсгүйг мэсэл засал хийлгэсэн кино одоор төсөөлдөг. Тэдэнд солонгос бүсгүйчүүдийн каталоги үзүүлбэл нууцхан горьдлого сэтгэлийн мухарт нь төрдөг биз.


Гэрч: Өмнөд Солонгос дахь Дэлхийн энх тайвны төвд энэ оны хоёрдугаар сарын 17 болсон 3 500 хосын хуримын ёслолд оролцсон монгол бүсгүйчүүд сүйт залуугийнхаа гэрэл зургийг барин зогсож байна. Сан Мён Мүүн тэнгэрт хальсан боловч түүний эхнэр Хан Хаг Жа хосуудыг адислажээ.


Монголчлохуй: Монголын Эв нэгдлийн сүмийнхэн гэрэл зургаар нь эчнээ тааруулдаг уламжлалыг “хөрсөн дээр буулгаж” хоорондоо зохицох хандлагатай болсон нь Жинхэнэ эцэг, эхийн сонорт хүрч улмаар Монголын эцэг Пак Бу Хи-тэйгээ ам мурийх шалтгаан болсон байж мэднэ.


Ижилсэл: Эв нэгдлийн сүмийн жинхэнэ гишүүн болж адислуулсан хүмүүст сүмийн бэлгэ тэмдэг бүхий ороолт маягийн зүйл өгдгийг нэгэн гишүүн нь хадагтай адил зиндааны эд хэмээн тайлбарласан байлаа. Тэд зургаа даруулахдаа эрхий хуруугаа гозойлгох эсвэл хоёр гараараа зүрх дүрсэлдэг аж.

Бусад нийтлэлийг доорх линкээс үзнэ үү.

http://batbayar.niitlelch.mn/content/3318.shtml
http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml
http://www.baabar.mn/content/3323.shtml


https://twitter.com/sodo2

Үндэстний ТОЙМ сэтгүүл №164 2013.04.01


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив