Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эмнэлэгт үхэж болох уу?
2013 оны 1 сарын 16 [Уншсан тоо: 128842]
(сурвалжлага)

Хорт хавдраар өвчлөөд, хорвоог орхисон залуухан эмэгтэй А-гийн ахтай ярилцлаа. 2011 оны 12-р сард 30 настай А нь “түгжрэл” гэсэн оноштойгоор “Ачтан” эмнэлэгт хагалгаанд оржээ. Хагалгааны үеэр өндгөвчинд нь хавдар байна, авчихлаа гэж эмч ар гэрийнхэнд нь мэдэгджээ. Өндгөвчнөөс авсан хавдрыг гадаад руу шинжилгээнд явуултал өндгөвчний хавдар биш ходоодных байх магадлалтай гэсэн хариу ирж, улмаар дурандуулбал ходоодны хорт хавдартай нь тогтоогджээ.

Хорт хавдар нь 4 үе шаттайгаар үргэлжилдэг. А бүсгүйн хувьд хорт хавдартайгаа мэдээгүй явсаар дөрөвдүгээр үедээ буюу хүндэрсэн үед нь эмнэлэгт ханджээ. Хавдар нь зовиургүй, өвдөлтгүй байдаг учраас ихэнх өвчлөгсөд 3-4 дэх үед орчихсон хойноо л эмнэлэгт ханддаг тийм тохиолдлын нэг нь. А бүсгүйг гэрийнхэн нь Хавдар судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд “Дөрөвдүгээр шатандаа орчихсон учраас ямар ч эмчилгээгүй юм байна” гэж мэдэгджээ. Асуудал нэгэнт ойлгомжтой болсон учраас тус төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь эмчилгээгүй болчихсон өвчтөнд зориулсан эмнэлгийн үйлчилгээг хэлдэг. Товчхондоо, амар амгалан, өвчин зовиургүй байлгаж байгаа “нөгөө ертөнц”-д үднэ гэсэн үг л дээ.

Хавдар судлалын үндэсний төв 206 ортойгоос Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь 15-хан ортой. Харин Монгол Улсад жилд 4 400 орчим хавдарын шинэ өвчлөл бүртгэгдэж, 70 хувь нь нас бардаг гэсэн судалгаа бий. Ийм оочер дараалал ихтэй учир А бүсгүйг 10 хоног хэвтсэний дараа “Дараагийн хүнийг хэвтүүлнэ. Одоо гар” гээд эмнэлгээс гаргажээ. Гэртээ тарчилж байгаа бүсгүйд үзүүлэх ганц “эмчилгээ” нь морфин тарих. Гэрийнхэн нь түүнийг гэртээ гаргаж морфинийг нь цагаар тарихаас өөрөөр хэрхэн асрахаа мэддэггүй. “Өвдөөд орилохоор нь бид түргэний эмч дуудахаас өөр юу ч хийж чаддаггүй байлаа” хэмээн талийгаачий ах ярьж сууна. Мэргэжлийн эмч нарын дэргэд байх юм бол арай өөр байх, эмнэлэг бараадвал хоёр хоног ч болов амьд байх болов уу хэмээн найдаад эмнэлэгт хэвтүүлэхээр гэрийхэн нь ихэд хөөцөлджээ. Хувийн эмнэлгүүдийн аль нь ч авдаггүй. Анх хагалгаанд орсон “Ачтан”-д эмнэлэгт очоод морфинийг цагаар нь хийгээд асарч тойлж болох уу, төлбөрийг нь төлөөд хэвтүүлье гэсэн ч хүлээж аваагүй гэнэ. Манба дацан хийдийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хандсан ч бас л халгаасангүй. Дүүргийнх нь эмнэлэгт хавдрын кабенит байдаг хэдий ч мөн л хүлээж авахгүй гэжээ. Хавдар судлалын өнөөх тасагт гуйж байгаад ахиад 10 хоног хэвтээд гаргажээ. “Танил тал, мөнгөгүй бол тус эмнэлэгт ор олж авна гэдэг бүтэшгүй зүйл” хэмээн талийгаачийн ах хэлсэн. Сүүлд хүнээс сураг гаргаж байж, зөвхөн хөнгөвчлөх эмчилгээ хийдэг “Найдвар хоспис” хэмээх газар очиж, мөн 10 гаруй хоног хэвтэж гараад удалгүй хорвоог орхижээ.    

Эмчилгээгүй болсон хүнийг ямар учраас эмнэлгүүд авдаггүй вэ? Хариулт нь тун энгийн. Хэрвээ өвчтөн эмнэлэгт ирээд нас барчихвал жилийн эцсээр тухайн эмнэлэг нас баралт ихтэй гарч, эмнэлгийн үзүүлэлтийг нь доош татдаг гэнэ. Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайханы хэлж буйгаар эмнэлгийн байгууллагуудын үнэлгээг хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сард батласан Эрүүл мэндийн сайдын журмаар гаргадаг байна. Ер нь үйл ажиллагааны янз бүрийн доголдол гаргасан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага доогуур үнэлгээ авах нь ойлгомжтой. Жишээ нь, нас баралт ихтэй тохиолдолд асуудалд ордог. Доогуур үнэлгээ авсан, шаардлага хангаагүй байгууллагуудад шат дараалсан арга хэмжээг авдаг гэдгийг Д.Жаргалсайхан дарга хэллээ.  Наад зах нь байгууллагын удирдлагуудыг ажиллаж чадахгүй байна гэж үздэг. Цаашлаад дахин гэрээ хийхгүй байх зарчмыг Эрүүл мэндийн яамнаас баримталдаг юм байна. Эл шалтгаанаас нь үүдээд эмнэлгүүд эмчилгээгүй болсон өвчтнийг хүлээж авдаггүй. Мөнгө амлаад ч хөдлөхгүй. “Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа...” тангарагладаг эмч нар, эмнэлгийн байгууллагыг энэ өнцөгөөс харвал тун ч хүмүүнлэг бус ажээ. 

Т.Амгалангийн дүү хэвтэж байсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байх “Найдвар хоспис” руу очиж үзлээ. Эднийх хоёр давхар тоосгон байшин түрээслэдэг, 12 ортой, 10-аад ажилтантай, нэг түргэний тэрэгтэй. Тус хоспис нь Христэд итгэгч эмч нарын нийгэмлэгийн санаачлагаар 2003 онд байгуулагдсан, хөнгөвчлөх эмчилгээгээр мэргэшсэн анхны байгууллага гэнэ. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас өдөртөө 3-5 хүн ирж хэвтдэг. Хавдар судлалын үндэсний төвөөс ор олж чадалгүй, 1-2 сар хүлээсэн хүмүүс ийшээ ирэх нь элбэг. Ажлын байр, ажиллах нөхцөл нь тийм ч сайн бус юм. Асаргаа хийдэг тул гар ажиллагаа ихтэй, үхэлтэй байсхийгээд тулгардаг тул сэтгэл санааны хувьд ч амаргүй. Өндөр настан, хавдраар өвчлөгсөд, тархины саажилттай, цус харвасан зэрэг эмчилгээгүй болсон өвчтөнгүүдийг эмнэлэгтээ хэвтүүлж, асарч, сэтгэл санааг нь өөдрөг болгон, өвчин зовиурыг нь нимгэлэхээс гадна гэрээр хэвтэж буй өвчтөнүүдэд эргэлтээр үйлчилнэ. “Найдвар хоспис” бол цэвэр сайн дурын, сайхан сэтгэлээс үүдэн үүсч бий болсон байгууллага. Буяны байгууллага гэж хэлж болно. Санал, гомдлын дэвтэрийг нь үзлээ. Магтан сайшаасан үгс дүүрэн байх.

Үйл ажиллагаагаа явуулахын тулд өвчтнөөсөө төлбөр авдаг гэнэ. Учир нь энэ байгууллагад төрөөс мөнгө төсөвлөдөггүй, гадаадынхантай харилцаж, төсөл бичиж санхүүжилт олохоос гадна “Сайн мэдээ” зэрэг сүмийнхнээс тусламж авч байж, арайхийн үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхий эмч Б.Бүрэнжаргалтай ярилцах үед байгууллагаа нийгмийн даатгалд хамруулчих гээд зөндөө оролдсон гэлээ. Даанч эмнэлгийн стандарт хангаагүй гээд дарга нар хавьтуулдаггүй хэмээн учирлав. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эмчилгээ биш, биеийн болоод сэтгэлзүйн талаар тус дэм болж байдаг учир эмнэлгийн стандартаас өөр байдгийг эрүүл мэндийн газрын удирдлагууд ойлгодоггүй гэсэн. Бусад оронд бол иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлдэг хосписууд төрөөс санхүүжилттай байдаг юм билээ.

Ерөнхий эмчийн хэлж буйгаар гэртээ асаргаанд байсан өвчтөнгүүд маш хөөрхийлөлтэй байдалтай ирдэг гэнэ. Наад зах нь хөл, өсгий, тохой, цав суга, нуруу нь цоорчихсон, үнэр танар орчихсон байх нь элбэг. Маш муу асаргаа үзсэн байдаг нь эмнэлэг хүлээж авахгүй, гэрт нь асарч байгаа хүн нь эмнэлгийн асаргаа сувилгааны ямар ч мэдлэггүй байдагтай холбоотой.  Өвчилсөн, эмчилгээгүй болсон хүнд их зовиур илрэхээр гэрийн нөхцөлд аргалах аргагүй. Ямар хоол өгөх ёстойгоос эхлээд өвдөлтийг нь хэрхэн намдаах талаар ар гэрийнхэн нь огтхон ч мэддэггүй.

Хүмүүнлэгийн шахуу байгууллага учраас аль нэг шашны байгууллагын дэргэд уялдаатай байх нь чухал байдаг хэмээн ерөнхий эмч ярилаа. Түүний байгууллагатай адил үйлчилгээг үзүүлдэг ганц хоёр газар байдаг юм байна. Бүгд л шашны байгууллагаар дамжин байгуулагдсан газрууд гэсэн. Эдгээр газрууд нь бусад эмнэлгүүдийн тоож үйлчилдэггүй хүмүүст буян болдог. Уг нь бүх эмч нар хөнгөвчлөх эмчилгээг заалгадаг мэддэг хүмүүс билээ.

“Найдар хоспис”-т өнгөрсөн жил  380 хүн хэвтүүлж, үйлчилгээ авчээ. Гэрээр явж, үйлчилгээ үзүүлсэнийг тоолбол бүр их тоо гарна гэлээ. Ачаалал бол маш их. Улсын тодотголтой хөнгөвчлөх эмчилгээ үзүүлдэг ганцхан газар байдаг нь дээр дурдсан Хавдар судлалын тасаг. Хавдар судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, доктор Э.Амарсанаагийн хэвлэлд өгсөн ярилцлагыг үзлээ.  Тус төвийн эмч нар өдөртөө доод тал нь 20-30 хүн үзэж, долоо хоногтоо 13-15 хагалгаа хийдэг юм байна. Хавдрын эмчийн хүрэлцээ, ор олддоггүй ийм хүнд нөхцөл байгаа үед уг нь “Найдвар хоспис” мэтийн байгууллагуудыг Эрүүл мэндийн яам сайтар дэмжиж ажиллах ёстой санагдлаа. Үгүй бол эмчилгээгүй болсон хүмүүсийг хүлээн авах эмнэлэг алга. Иргэн эмнэлэгт үхэж болохгүй нь, үзүүлэлт доош нь татна шалтгаанаар.

Жич: Хүнд өвчтэй, дөрвөн настай Б.Эрдэнэцэцэгийг зарим эмнэлэг хүлээн аваагүй, оношийг нь буруу тогтоосон гэх мэдээлэл социал сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг  ид татаж буй ийм үед эрүүл мэндийн зарим асуудалд анхаарал хандуулаасай гэсэн үүднээс хуучин сурвалжлагаа орууллаа.  

Үндэстний Тойм 2012.04.16


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив