Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дунд сургуулиудын чансаа
2012 оны 4 сарын 30 [Уншсан тоо: 1138368]



Бусад. Эдгээр шалгалтыг Монголын бүх ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид өгдөг. Харин American School of Ulaanbaatar, International School of Ulaanbaatar хоёрыг төгсөгчид Элсэлтийн шалгалтад хамрагддаггүй ажээ.

Бүгдийн мэддэг юм заримдаа хэтэрхий нууцлаг байх нь бий. Дунд сургуульд суралцаж дүүргээгүй, хүүхэд шуухад нь явдаггүй хүн, айл өрх гэж бидний дунд огт үгүй ч газар сайгүй байх “хүүхэд шуугисан их өргөө”-нүүдийн дотор ямархан амьдрал өрнөж байгааг үл анзаарна. Саяхан л манцуйдаа үнэгчилж байсан балчрууд маань “сургуульд орохоороо мундаг хүн болох” тухай ярьж эхлэхэд л ямар сургуульд оруулахаа гэнэтхэн санаж, эрэл сурал болдог. Ийм үед эцэг эхчүүдэд “зүг чиг” болчихмоор мэдээ, мэдээлэл тэр бүр олдохгүй. Яг ийм асуудалтай яваа хүмүүст бага ч атугай баримжаа болог хэмээн Үндэстний тойм сэтгүүл дунд сургуулиудыг төгсөгчдийнх нь сурлагын амжилтаар эрэмбэлж, шилдэг 10-ыг нэрлэж байна.

Эрэмбэ, чансааг тогтооход амар хялбар байсангүй. Хэрэв дунд сургууль хүүхдүүдэд зөвхөн эрдэм ном зааж, түүгээрээ дамжуулан төлөвшүүлдэг газар гэж үзвэл бидний гаргасан эрэмбэ үнэнд нэлээд дөхнө. Гэвч сургуулийн үүрэг, ач холбогдлыг өөрөөр үнэлж цэгнэх нь бий. “Хүн бүр математикч болохгүй. Харин бүгд эцэг эх болно” гэх сонгодог сургаалийг баримтлан сурах орчин, багш сурган хүмүүжүүлэгчдийн ур чадвар, хүүхдүүдэд сургуулиасүзүүлэх хүн ёсны нөлөөлөл, ёс зүйн төлөвшүүлэл гээд олон талын үнэлэмж, үзүүлэлтийг  харгалзан дүгнэж, харьцуулбал үүнээс өөр үр дүн гарах нь ойлгомжтой. Гэхдээ  ийм судалгаа хийхэд бидэнд цаг хугацаа их шаардагдахаас гадна бодитой  мэдээлэл, үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэх аргачлал дутагдаж, магадгүй, бага, дунд боловсролын салбарынхны дунд ужиг хэрүүл үүсгэж ч мэдэх урхагтай байсан тул үүнээс зайлсхийсэн юм. Энэ эрэмбэ дарааллыг тооцохдоо бид Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр гаргадаг Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан-г үндэслэлээ. Уг тайланг дээрх төв 2005 оноос хийж байгаа бөгөөд одоогоор хамгийн сүүлчийнх гэж хэлж болох 2010 оныхоор авсан юм. Өнгөрсөн оны буюу 2011 оны тайлан нэгэнт бэлтгэгдсэн хэдий ч хараахан хэвлэгдээгүй байгаа юм билээ. Тайлан зөвхөн албан хэрэгцээнд зориулагддаг гэдгийг сануулья. Уг нь энэ мэдээ ллийг олон нийтээс харамлаж байснаас харин ч худалдан борлуулбал эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ сургуулийг сонгоход нь үнэ цэнэтэй товхимол байхсан. Боловсролын үнэлгээний төв тайландаа уг нь дунд сургуулиудыг сурлагын үзүүлэлтээр нь эрэмбэлж жагсаадаг байжээ.


Эцэг эхчүүд хүүхдийнхээ авъяас, сонирхолыг багаас нь ажигладаг. Байгаль, нийгмийн ухааны алинаар суралцуулахаа шийдсэн бол сургуулийг нь сонгох л үлдэнэ. Сургуулиуд ямар хичээлээ сайн заадгийг мэдэж авах нь тэдний хувьд хамгийн чухал юм.

Жагсаалтын дээгүүр орсон хувийн дунд сургуулийн удирдлагууд тухайн эрэмбэд үндэслэж, эцэг эхчүүдэд сургуулиа сурталчилдаг байж. Энэ нь ч зөв байлаа. Харин жагсаалтын хойгуур эгнэсэн сургуулиудаас гомдол, зарга тасралтгүй гарсан тул 2009 оноос хойш эрэмбэлэхээ больсныг зарим дунд сургуулийн захирлууд сонин болгосон юм. Боловсролын үнэлгээний төв энэхүү тайлангаа зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг нэгтгэх замаар  гаргадгийг онцлох учиртай. Шалгуулагчдын хувийн гүйцэтгэл, тэдний дундаж үнэлгээ, стандарт хазайлт болон холбогдох тогтмолуудыг харгалзсан олон улсад хэрэглэдэг томьёог ашиглан сургууль тус бүрийн хэмжээст дундаж оноог гол 10 хичээлээр гаргасан байна. Харин бид дээрх эрэмбийг гаргахдаа  төгсөгчдийн хамгийн их сонгож шалгалт өгсөн математик, монгол хэл, нийгэм, англи хэл, физик гэсэн таван хичээлийг сонгон авсан юм. Учир нь төгсөгчид элсэн орох сургууль, мэргэжлээсээ шалтгаалан тодорхой хичээлийг сонгож шалгуулдгаас шалтгаалан зарим сургуулийнхан нэг ч юм уу, хэд хэдэн хичээлээр огт шалгалт өгөөгүй тохиолдол байсантай холбоотой. Нэг ч төгсөгч шалгалт өгөөгүй хичээлийн хувьд тухайн сургуульд хэмжээст оноо харгалзуулах боломжгүй болж тэглэхэд хүрч байсан тул ингэж хамгийн олон шалгуулагчтай хичээлүүдийг сугалж авахаас аргагүйд хүрсэн юм. Сургууль тус бүрт  харгалзуулсан оноог гаргахдаа бид сонгож авсан таван хичээлийн хэмжээст  дундаж онооны нийлбэрийг тавд хуваах аргаар дундажлав. Сонгосон  хичээлүүдийн аль нэгээр төгсөгчид нь огт шалгалт өгөөгүй заримыг шалгуулсан бол дөрвөн хичээлийнх нь онооны  дунджаар тооцлоо. Тодруулбал, Орчлон сургуулийг 2010 онд төгссөн 27 хүүхдийн нэг нь ч монгол хэлний хичээлээр шалгалт өгөөгүй байсан тул дөрвөн хичээлийн онооны дунджаар нь авсан юм.

Хувийн сургуулийн төгсөгчид хувь илүү


2010 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 108 хувийн дунд сургуулийн төгсөгчид оролцжээ. Тэдний үзүүлсэн үнэлгээг харгалзан гаргасан сургуулиудын дундаж хэмжээст оноог баримтлан шилдэг 20-ийг эрэмбэллээ. Төлбөртэй, цөөн хүүхэдтэй, сургалтын орчин сайтай, чадварлаг багш нарыг өндөр цалингаар ажиллуулдаг хувийн хэвшлийн дунд сургуулиуд Монгол Улсын боловсролын хөтөлбөр, хууль эрхийн хүрээнд ажилладаг хэдий ч сургалтын арга зарчим,  систем, стандарт зэрэг олон зүйлээр харилцан ялгаатай. Зарим нь олон улсын, зарим нь Турк, Япон, Германы зэрэг тодорхой арга, стандартыг ашиглах нь бий.
Хэдийгээр “хувийн” гэх өмчийн хэвшлийн нэршлээр ангилагдаж байгаа ч эдгээр сургуулиуд дунд боловсролын салбартаа бие даасан давхрыг бий болгож чадсаныг энэ судалгаа харуулж байна. Олны дунд “сайн сургууль” гэж хэлцэгддэгүүдэд энэ үнэлэмж нь үнэхээр “зохих эсэх”-ийг төгсөгчдийнх нь сурлагын чанараар л дүгнэх боломжтой. Тэгэхээр бидний судалж гаргасан энэ эрэмбэ олон нийтийн үнэлгээн дэх элдэв эргэлзээг нэг тийш болгох чухал ач холбогдолтой юм.

Улсын сургуулийн уламжлал тасраагүй



Төлбөр авдаггүй, төсвөөс санхүүждэг улсын сургуулиудад зовлон бэрхшээл багагүй бий. Материаллаг бааз дутмаг, сургуулийн орчны тохижилт муу, анги дүүргэлт хэтэрч гурван ээлжээр хичээллэх, нэг ширээнд сурагчдыг гурваар нь суулгах зэрэг гачаал зовлонгийн фактыг бид хангалттай сонссон. Ийм нөхцөл  бүхий сургуулиудыг жилийн сая сая төгрөгийн төлбөртэй хувийнхантай  ижилсүүлж тэнсүүлэхэд учир дутагдал байлаа. Улсын сургуулиуд хувийнхныг бодвол харьцангуй олон төгсөгч гаргадаг. Төгсөгчид олон байх тусмаа тэдний сурлагын түвшин харилцан адилгүй тул хэмжээст онооны дундаж хувь нь буурч тоологддог байна. Үнэхээр сайн сурагч нь хувийн сургуулийн төгсөгчдөөс  дутахааргүй байх тохиолдол цөөнгүй ч бусдынх нь сурлагын дүн чангааж, нийт  чанарын үзүүлэлтийг бууруулна. Энэ байдал улсын сургуулиудыг хувийнхнаас тохой доогуур болгон харагдуулж байгаа ч байж мэдэх юм. Шилдэг 20-ийн   дотор Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Өмнөговь сумдын сургуулиуд  орж байгааг онцлохоос аргагүй. Нийслэл, аймгийн сургуулиудтай зэрэгцэн  сумын сургууль цөөн ч гэлээ орж ирсэн нь дунд боловсролын салбарын  сургалтын уламжлал тасалдаагүйн илэрхийлэл болж байна.

Аль нь илүү вэ?



Хувийн сургуулиудад өндөр төлбөртэйгөөр хүүхдүүдээ сургах сонирхол сүүлийн жилүүдэд дэлгэрсэн. Төлбөр өгч байгаагийнхаа хэрээр сургууль, багш нараас хариуцлага нэхэж болно гэсэн ойлголт ч бас явдаг. Үүнийг дагаад улсын  сургуулиуд муу гэх хэрмэл үнэлэмж тэнүүчилж явдаг. Гэтэл үнэндээ тийм биш аж. Элсэлтийн ерөнхий шалгалтанд төгсөгчдийнх нь үзүүлсэн амжилтаар дунд сургуулиудыг дүгнээд, хувийн болон улсын өмчийн хэвшлээр нь ангилж хичээл тус бүрээр дунджийг нь гаргаж харьцуулсан хүснэгтээс “улсын сургуулиуд муу” гэх үнэлэмж ташаа болохыг харж болно. Нийтдээ 10 хичээлийн зургаад нь улсын сургуулиуд илүү үнэлгээтэй байна. Гэхдээ энэ бол “хувийнх муу” гэсэн үг биш юм. Учир нь хувийн сургуулиудын ихэнх нь математик, англи хэл зэрэг тодорхой хичээлийг төрөлжүүлэн, зонхилж заадаг бөгөөд тэдгээрийнхээ үнэлгээгээр бусад хувийн сургуулиудаа ч тэргүүлэх нь бий.

С.СОДБААТАР, Д.ЭНХБОЛДБААТАР
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл №15 (114)

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив