Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Би ямар тагтаа юм уу?
2012 оны 4 сарын 17 [Уншсан тоо: 55664]
Жүжигчин Бооёо эмээ болох дуртай. Эмээгийнхээ гар дээр өссөн учраас зан араншин, үйл хөдлөлийг үнэмшилтэй дуурайдаг жүжигчин. Ааштай, адтай, зөөлөн, зөрүүд гээд олон эмээгийн дүрийг тэр бүтээжээ.

Шатны хоёр дахь гишгүүр

Олон улсын болон Монголын ахмадын баяр аравдугаар сарын 1-нд болно. Эл өдөр байгууллага бүр салбарын ахмадуудаа хүлээн авч нэг хооллоод, гарын бэлэг өгөөд явуулах нь дамжиггүй. Ирэх жил цагаан сараар нэг урина, ингэсгээд харилцаа дуусдаг даа. Ахмадуудтай холбоотой хууль тогтоомж олон бий. Иргэний эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Ахмад настны нийгмийн хамгааллын, Тэтгэвэр тэтгэмжийн гэхчилэн. Үндэсний хөтөлбөр ч хүртэл бий. Ихэнх хөгжиж буй орнуудтай харьцуулахад Монгол улс энэ талаар харьцангуй сайн тогтолцоотой гэгдэж, ахмадын тэтгэвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаараа тун давгүйд тооцогддог юм байна. Тэрчлэн ахмад настнууд гэр бүлээсээ хараат байгааг, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг зэрэг бараан зүйлсийн тухайд ч бид чамгүй судалж, өөрчлөх гэж оролдож буй. Энэ бүхэн Монголын 200 мянган ахмаддаа бидний зүгээс зайлшгүй хийх ёстой зүйл. Ахмад настнаа асарч тэтгэж явах нь бидний үүрэг. Энэ бол шатаар зүйрлэбэл эхний гишгүүр.

Гэтэл ахмадуудад эдийн засаг, эрүүл мэндээс дутахааргүй өөр дэмжлэг хэрэгтэй байгааг бид бараг харахгүй байна. Гадаа нарлаж суух, таньдаг хөгшинтэйгөө аяга тагш юм хувааж уух, даалуу, хөзөрхөн тоглохоос төдийлөн хэтрэхгүй тэдний амьдрал уйтгар гунигаар дүүрэн. Энд ахмадуудын нийгэм дэх оролцоо, чөлөөт цагийг өнгөрүүлэх, өөрсдийн сонирхолын бүлэгтэй болох, ганцаардал, цөхрөл, хэрэгцээгүйгээ мэдрэх зэрэг сэтгэлзүйн байдлыг анагаах тухай ярих гэсэн юм. Үүнийг шатны хоёр дахь гишгүүр гэж нэрлэе.



Тэтгэвэрт гарсны дараа


“Шувуу үүрээ орхих” гэдэг хэллэг бий. Айлын бүх хүүхэд өсч том болоод тусдаа гарч, эхнэр нөхөр хоёр үлдэх тэр үеийг ийн нэрлэдэг. Гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах тэрхэн үе монголчуудын тэтгэвэрт гарах үетэй давхцаж таардаг. Ахмадууд эндээс эхлэн нийгмээсээ хагас хэлбэрээр тусгаарлагддаг гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэлзүйч Б.Ууганцэцэг хэллээ. Ажлын хамт олон, гэр бүл гээд олон харилцаан дор амьдарч байсан буурлууд маань чухам эндээс асуудалд орж эхэлдэг нь тодорхой юм. Ганцаардаж, ямар нэгэн хэмжээгээр хязгаарлалтад орж, нийгмийн харилцаанаас мэдрэмж авч чадахаа больсон тэд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч, биеэ голох, хэнд ч хэрэггүй нэгэн болчихлоо гэсэн таагүй, айдастай мэдрэмжүүдэд автдаг байна. Нэг хэвийн уйтгартай амьдарч буй учраас ирээдүйгээ төлөвлөхөө зогсоож, байнга нийгмийн харилцаанд орж чаддаггүй учраас гансрах, зожигрох хандлагатай болдог тухай сэтгэлзүйч тодорхойллоо. Ихэнх ахмадын сэтгэлзүйд нь гарч байгаа өөрчлөлт нэг иймэрхүү.

Байгалийн жам ёсны хөгшрөлтөөс гадна сэтгэцийн эмгэг асуудлууд нь тэднийг хэрхэн зовоодог тухай тодорхой судалгаа Монголд алга. Ач гуч, зээ нараа харах, ар талын ажилд туслах зэргээр ажил мундахгүй гэж хэлэх хүн гарах л байх. Үнэн. Үүгээр зогсохгүй, идэвхтэй байж, амьдралын хэв маягаа өөрчилж, үе тэнгийнхэнтэйгээ илүү сайн харилцаж, сонирхол нэгтэй бүлэг үүсгэх явдал тэдэнд чухал.

Анхаарах зүйлс

Нийтлэлийн эхэнд дурдсан ахмадад хамааралтай олон хууль тогтоомжид нийгмийн оролцооны талаар тусгасан үг өгүүлбэр бий. Дүүрэг, хороо, орон нутагт чийрэгжүүлэлтийн төв нэртэй газрууд ч бий. Ихэнх нь ор нэр төдий ажилладаг, УИХ, орон нутгийн сонгуулийн дараа хаалгаа барьсан байх нь элбэг. Очдог хүн ч цөөн.

Сонгинохайрхан дүүргийн V хороо бол нийслэлийн захын бүс. Дан гэр хорооллоос бүрдсэн тус хороонд 500-гаад ахмад бий. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд олон учраас ямар ч байгууллагад харьяалалгүй ахмад настнууд тун их. Хорооны удирдлагууд аль болох олон ахмадад үйлчлэх зорилго агуулдаг ч тэр болгон чаддаггүй талаар нийгмийн ажилтан Б.Жаргалсүрэн ярьж байна. “Мах импэкс” зэрэг томоохон компаниуд нь өөрсдийн харьяалалтай ахмадуудаа хүлээгээд авчихдаг бол харьяалалгүй ахмадуудыг анхаарах газар үгүй. Халамжийн хуулийн дагуу асаргаа сувилгаа, эмчилгээнд явуулах, ганц нэг удаа түлээ нүүрс дөхүүлээд өгөх боломж бий ч нийгмийн харилцааг нь зохицуулна гэдэг том зовлон байгааг нийгмийн ажилтнаас нь сонслоо. Уг нь хорооны ахмадууд янз бүрийн арга хэмжээнд оролцох сонирхолтой, бие биенээсээ сураг сонсоод хороон дээрээ “давхиад” хүрдэг гэнэ. “Бүжиг, өдөрлөг зохиоё. Такстай байсан ч яадаг юм” гэсэн санал ч гаргана.“Манай хөршийн өвгөн юм юманд оролцоод байх юм, би юунд ч оролцохгүй байна” гээд хүүхэд мэт гомдоллоод ирдэг нь ч бий гэсэн.

Хороо ганц бүжиг зохиоё гэхээр хөгжмийн тоног төхөөрөмж, заал байхгүй. Хааяа дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгч нараа гуйж түйж, ганц нэг ажил зохиож, ээлж дараагаар оролцуулсан болдог. Дүүргийн ахмадын хорооноос ердөө 100 хүрэхгүй мянган төгрөг ирдэг учраас аргагүй биз. Дүүргийнхээ тамгын газраас цалинжихаас өөр хөрөнгө мөнгөгүй хотын хэдэн хороо нь багийн хэмжээний статустай байгаа нь гол асуудал болж байгаа ганцхан жишээг эндээс харж болно. Хотын нэг хороо 10 мянган иргэнтэй, сумаас олон хүнтэй байхад хороонд бус суманд мөнгө төсөвлөдөг гаж тогтолцоо хэзээ өөрчлөгдөх бол?

Гадаад туршлага


Япон улсын шинэ өглөө. Ахмадууд нь эртлэн босоод зам, гудамж талбайд ойр ойрхон зайтай, анхааруулах тэмдэг бариад зогсоцгооно. Хувцас, цүнхээрээ жигдэрсэн бага сургуулийн хүүхдүүд ар араасаа цувран сургуульдаа явах үед ахмадууд алхам тутамд нь дэм тус болно. Гарцаар гарахад туслана. Хүүхдүүд хөгжилтэй, чанга дуугаар мэндлэх нь тэдэнд өхөөрдөм санагддаг нь илт.

Үдэш. Хэсэг настнууд нийлж аваад ойр орчмынхоо гудам, хонгил, нүх сүв бүхнийг нэг бүрчлэн шалгана. Гал түймэр, хүүхэд алга болох, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж буй нь тэр. Настныхаа тоогоор дэлхийд тэргүүнд жагсдаг Япон орны ахмадууд нийгэмдээ үйлчилдэг ганцхан жишээ бол энэ. Ямар ч цалин хөлс харалгүйгээр тэр шүү дээ. Аль ч орон нутгийн ахмадуудын клуб тун идэвхитэй. Спортын янз бүрийн арга хэмжээ, ахуйн нөхцөлд осол, гэмтлээс сэргийлэх зорилготой сургалтаас эхлээд байгаль орчноо хамгаалах, хүнсний ногоо, цэцэг мод тарих, хуучин цаас, хог хаягдал цуглуулж дахин боловсруулахад оролцох, орон нутаг дахь аюул осолтой газруудыг судлах, хүн гэмтэж бэртэхээр зүйлсийг олж зайлуулах, гал түймэр, гамшгаас сэргийлэх зэргээр нийгэм, гэр бүлдээ тустай ажилд оролцоно. Хобби, сонирхол нэгтэй бүлгүүд бол тоймгүй олон. Хоор дууных л гэнэ, ваар сав, фото зураг, гар урлалын баг л гэнэ. Сүүлийн үед комьпютер сонирхогчдын баг, кино видео зураг авалт хийдэг бүлэг ч үүсчээ. Эмийг яаж зөв хэрэглэх вэ гэдэг сургалт явуулдаг эмээ өвөө нар ч бий. Японд 1940-өөд онд үүссэн “Улаан өд” гэдэг кампанит ажил бол тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой, хөрөнгө босгодогоороо их нэр хүндтэй. Багахан мөнгө хандивлаад, ахмадуудаас улаан өд хариуд нь авч энгэртээ зүүж явах нь энгийн иргэнд нэр хүндийн хэрэг болдог.

Үлгэр жишээ ахмадын хороо


Манайд ч гэсэн үлгэр болчихоор ахмадын хороо байна. Харамсалтай нь ганц салбарынх. Төмөр замын салбар нийт 5600 орчим ахмадтайгаас Улаанбаатарт 3000 орчим нь амьдардаг. Тэдний Ахмадын өргөөнд зочиллоо. Гоёж гангалсан ахмадууд пиг дүүрэн. Шатар, даам, хөзөр, ширээний теннис тоглож, танц эргэж, ёочин хуучраар хөгжимдөн, сонин хэвлэл эргүүлцгээнэ. Хөнгөлттэй үнээр хиймэл шүд хийлгэнэ, үсээ засуулчихна, басхүү цайны газартай. Ахмадын хорооны дарга Б.Жанчивын хэлж буйгаар олон янзын сэдэвт арга хэмжээг байнга зохион явуулж, гэрээсээ гарч ирдэггүй ахмадуудыг оролцуулдаг аргатай. Биднийг зочлох үед Дулам нэртэй 40 гаруй ахмадыг цуглуулаад Нэрийн баяр хийж байсан. Хуучны ахмадууд төрсөн өдөр тэмдэглэдэггүй учраас нэрийн баярыг бодож олжээ. Улаанбаатар хотод 30-аад ахмадын зөвлөлтэй. Зөвлөлийн дарга нар тун идэвх сайтай, бүхий л ажлыг нь нугалдаг гэсэн. Тус Ахмадын хороо дэргэдээ хоёр хөгжмийн хамтлагтай. 13 соёлын тэргүүний ажилтан тэргүүтэй 40 орчим хүнтэй тус хамтлагийнхан хувцас хунараа өөрсдөө оёж өмсөөд төмөр зам дагуу орших газруудад аялан тоглолт хийдэг. Гадаад харилцаа ч муугүй. Олон улсын ахмадын их наадамд жил бүр оролцож, Ялалтын баярыг орос ахмадуудтай тэмдэглэчихнэ. Хэн ч тэднийг уриалдаггүй, бүгдийг өөрсдийнхөө хүслээр хийдэг гэнэ. “Ахмадын сан байгуулах тухай хууль”-ийн дагуу аливаа байгууллага ажиллагсадынхаа цалингийн 3 хүртэл хувиар сан байгуулж, ахмадууддаа туслах ажилд зарцуулах ёстой. Төмөр зам энэ дагуу ганцхан хувиараа ахмадын хороогоо санхүүжүүлж тус салбараас тэтгэвэрт гарсан хүмүүст олон боломж нээж өгч чаджээ. Энэ хуулийг яс мөрддөг байгууллагууд маш цөөн.

Асар том хүчийг ашиглая


Ахмадууд бол асар том хүч юм. Үүнийг бид бүхнээс түрүүнд Г.Баасан гэдэг хүн олж харжээ. Гэхдээ тэрээр зөв залсан нь юу л бол. Улс төрийн жагсаал тэмцэл хийж, төрийн ордныг түйвээх ажилдаа ахмадууд маш үнэнч хандсан. Тэтгэвэр тэтгэмжээс гадна нийгмийн харилцааг нь олж харж чадаагүй, зав чөлөө ихтэй ахмадуудаар хийлгэх сайн дурын олон ажил байгааг олж харж чадаагүй төр том дайсантай болсон түүх саяхных. Хувьсгал хийхийг мөрөөддөг хэдэн нөхөд ахмад хүний өмнөөс гар далайдаггүй цагдаа, төрийн тусгай хамгаалалтынхныг хэрхэн аргалахаа сайн мэднэ.

Уг нь ажилдаа идэвх гаргаж, юманд үнэнчээр ханддаг ахмадуудыг зөв зүйлд залж чадвал нийгэмд тустай олон ажлыг нугалах боломж бий. Тэтгэвэртээ гарсан багш нар хүүхэд, залуу багш нарт сургалт явуулж, туршлагаа хуваалцах боломж бий. Дурын телевизийн шууд нэвтрүүлэг руу утасдан улс төр ярьж, бусдыг харааж ерөөж байснаас гэмт хэргийн тухай мэдээллийг цагдаад өгч, урьдчилан сэргийлэх ажилд оролцох уг нь дээр.

Японы Фүкүшимагийн ослын дараа цөмийн үйлдвэрт ажиллах сонирхол бүхий япон ахмадууд бүлэг үүсгэжээ. Залуу хүмүүс өөрсдийгөө эрсдэлт оруулж, үхэлд хүргэх радиаци руу очиж байхаар бид ажиллая гэсэн санаачлагыг тэд өнгөрсөн тавдугаар сард гаргасан байна. Цагтаа инженер явсан 72 настай Ясүтэрү Ямада өвгөн “Манай үеийнхэн ухамсартай, ухамсаргүй ч цөмийн станц барихыг зөвшөөрсөн. Хамаг ашиг тусыг нь ч бид нар хүртсэн. Иймээс бид юун түрүүнд энэ гамшигт оролцох ёстой” хэмээн сайхан сэтгэлээр хандсан байдаг. Манай буурлуудад ч ийм сэтгэл бий. Хийдгээ хийж, гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудыг зарж мөлжье гэдэг санааг энд хэлэх гэсэнгүй. Нийгэмд тустай зөв санаачлага руу хөтлөхөд тусалж, шатны гурав дахь гишүүр рүү залья гэж байна. Шатаар өгсөх нь настай хүний хувьд бэрх даваа. Иймд бид гараас нь дэмнэе.


Төмөр замын ахмадын хороо

Шинэ санаачлагын эхлэл


Зарим шинэ санаачлага манайхаас харагдаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. 2009 оноос Замын цагдаагийн газраас явуулсан “Хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтан”-аар хоёр ч ахмад ажилладаг. Өмнө нь замын цагдаад ажиллаж байсан хоёр хөгшин замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, зөрчил гаргасан жолоочид нь шаардлага тавих зэргээрээ бусаддаа үлгэрлэдэг байсан тухай Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Лхагважаргал ярилаа. Хэдий гуравхан сарын хугацаатай явагдаад өнгөрдөг ч тус ажил үр дүнгээ өгч, эзэнгүй осол, авто хэргийн тоо эрс буурчээ. Хэсэгхэн хугацаанд замын цагдаагаар буцаад ажилласан буурай нар энэ ажилдаа тун дуртай гэсэн. Мөн дээр дурдсан Төмөр замын ахмадын хороо тэргүүлэх эмч нарын баг байгуулжээ. Эмчээр ажиллаж байсан ахмадууд бусаддаа үнэ төлбөргүй эмчилгээ хийж, онош тавьж, шаардлагатай бол эмнэлэг бараадуулж байгаа сайхан үлгэрлэл бас бий.

Жүжигчин Бооёо эмээ болж тайзан дээр тоглоно. “Хуралд ирвэл будаа өгнө, уулзалтанд ирвэл будаа өгнө. Будаа өгнө, будаа өгнө л гээд байх юм. Би ямар тагтаа юм уу” хэмээн  эмээ уцаарлана. Ахмадуудад будаанаас чухал олон зүйл хэрэгтэй.

Үндэстний Тойм сэтгүүл 2011 оны есдүгээр сар. №86


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив