Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Кувейт бас Катар
2012 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 68565]

Кувейт



Айлчлал. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сард Кувейт улсад ажлын айлчлал хийсэн юм. Кувейтын эмир шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ёслол төгөлдөр хүлээн авч өөрийн ордондоо хүндэтгэлийн зоогт урьсан. Кувейт улс нь Үндсэн хуультай, парламенттай хэдий боловч хаант засаглалтай учир хаан хүн хаантай л тохиролцдог зарчим энд үйлчилдэг. Ийм учир ерөнхий сайд, УИХ-ын даргын айлчлалаар бид “юм олж долооход” үнэндээ хэцүү. Эмир дөрвөн удаа Монголд айлчилсан бөгөөд ирэх болгондоо Богд уулын аман дахь өөрийн эдлэндээ амардаг уламжлалтай. Хамгаалалтын албаны хатуу чанга дэг журам үгүй учир эмирт маш ойрхон очиж, зургыг нь авч болж байсан нь сэтгүүлчдийн хувьд нэн таатай завшаан байлаа.


Тансаг зоог. Аль нэг улсын төрийн тэргүүнийг айлчлах бүрт эмирийн хүндэтгэлийн зоогт Кувейтэд суугаа элчин сайдуудыг урьдаг уламжлалтай. 100-гаад орны элчин сайд нар оролцдог уг нүсэр арга хэмжээ зарим үед долоо хоногт хэд хэдэн удаа болох нь бий. 


Эмирийн ордны хүлээн авах танхим.


Эмирийн ордны хүндэтгэлийн танхим.


Ирээдүйн эмир. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Кувейт улсад айлчлах үеэр монгол хувцастай хүү угтсан нь содон харагдав. Кувейтын Аль-Сабах хааны удмын энэ хүү одоогийн эрхэм дээд эмир, түүнийг залгамжлах ханхүү шейх Науафын дараа эмир болох гэнэ. 2007 онд Монголд ирж байсан энэ хүү хэрвээ тус улсад хаант засаг удаан оршин тогтноод эмир болбол манай улсад ээлтэй байх нь дамжиггүй.


Худалдаа, аж үйлдвэрийн сайд Амани Буресли бол тус улсын цорын ганц эмэгтэй сайд. Түүнээс эмэгтэйчүүдийн квотын талаар саналыг нь сонсоход “Ардчилалд квот хэрэггүй” хэмээн хариулна билээ. 


Кувейт улс 2.7 сая хүнтэйгээс 1.3 сая нь уугуул кувейтүүд, 35 хувь бусад араб үндэстэн, үлдсэн нь хятад, энэтхэг, бангладеш зэрэг 100 орчим улсын гадны ажилчдаас бүрдэнэ. Анги, давхрагын ялгаа илт мэдрэгдэнэ. Уугуул кувейтүүд “дээд төрөлтөн”. Сарын цалин багадаа 5000 ам.доллар, сэтгүүлчид нь 10000 орчим ам.долларын цалинтай. Египт зэрэг арабууд хоёрдугаар зэрэглэлийнх, энэтхэг, непаль, бангладешүүд бол 500 ам.долларын цалинтай шал, жорлонгийн цэвэрлэгээний ажил дээр бууна. Филиппин эмэгтэйчүүд биеэ үнэлдэг мэдээлэл бас олдов.


Зоогийн дараа. Кувейтын Ерөнхий сайд шейх Жабер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн зоог барьсаны дараа үлдэгдэл хоол, хүнсний зүйлийг үйлчилгээнд ажилладаг гадны ажилчид булаалдах шахам идэж, уут саванд хийж авахыг харлаа.


Шатахуун нь литр тутамдаа 300 орчим төгрөгийн үнэтэй Кувейтэд унадаг дугуй унасан хүн бол эмзэг давхрагт шууд тооцогдоно. Зундаа +50 хүртэл халдаг тус газарт дугуй бол тийм ч зөв сонголт бус.


Энэ хоёр ажлыг хэрхэн удаан, залхуутайгаар хийхийг ч ёстой үзүүлж өгөв. Усалгааны хоолой сууриллуулах ёстой 20 см хүрэхгүй гүнтэй шуудууг 4-5 хоногт хэдхэн метрээр л ахиулав.


Египет эрд ажлаас илүү аппараттай сэтгүүлч сонин санагдав. Бүтэн өдөр ажиллаад ердөө ганцхан метр газарт будаг түрхсэн гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.


Ордны хамгаалалтын албаны ажилтан нэг иймэрхүү.


Ордны ургамал цэцгийн усалгаа үнэхээр сайн.




Эмирийн хувийн телевизэд ажилладаг сэтгүүлч. Манай сэтгүүлч нөхдөөс дүрс гуйж авна лээ.


Арванхоёрдугаар сар бол Кувейтэд өвлийн улирал. +20 орчим хэмийн дулаан байв. Сургуулийн ажилтан сүлд модоо чимж эхэлжээ.


Зарим гудманд алхаж яваа хүн огт харагдахгүй. Бүгд машин хөлөглөнө. Шугмын автобусууд хотын төвийн цөөхөн гудмаар л зорчино. Түүнд нь зөвхөн гадны ажилчид сууна.


Хос. Архи дарс уух хориотой, урлаг соёлын ямар ч арга хэмжээ арга хэмжээ зохиогддоггүй учир залуус дэлгүүр, кино театрт л танилцах “шаанс” олддог. Дэлгүүрээс хоол хүнс, бараанаас гадна ирээдүйн эхнэрээ сонгоно гэсэн үг. Улсын хэмжээнд ганцхан BAR байдаг нь АНУ-ын элчингийн хашаанд бий. Иракын савраас аварсаны хариу байх гэж бодогдов. Гудманд согтуу явбал шууд шоронгийн нааран дээр хэвтэх хатуу хуультай ч кувейтчүүд хүн л юм хойно архи дарс уух дуртай байлгүй яахав. Хөлөг онгоц хөлөглөөд далайд гарч уух, Европын өөр оронд очиж зад наргичихаад ирэх боломж, чадал бол тэдэнд бий.


Хотын ерөнхий төрх.


Аль Кувейт хотын хар зах.


Араб бүжиг.Кувейтын хар зах дээр ажилладаг араб иргэд бүжиглэж үзүүлэв.


Валютын ченж. Банкнаас ялгаатай нь хар зах дээр ажилладаг ченж ямар ч бичиг баримтгүйгээр валютаа сольж өгнө.


Хар зах дээрх цэвэр усны цорго.


+20 хэм дулаан байгаа хэдий ч өвөл болж буй учир үстэй дээл, хөвөнтэй куртик өмсөх нь мэдээж.


Захын наймаачин гар занган дургүйцлаа илэрхийлэв.






Хар захын хоолны газар.


Гэрийн үйлчлэгчээ дагуулсан кувейт эмэгтэй. Үзвэр үйлчилгээний газраар явахад анги давхрагын мэдрэмж салахгүй дагана. Араб хувцас өмсөөгүй мань мэтийн ази нөхөд ганган шаавай хувцаслаж явахгүй л бол гэрийн үйлчлэгчийн хэмжээнд харилцах маягтай.


Хориг. Эр, эм хүмүүсийн эрх чөлөөний зөрүү өдөр шөнө шиг энэ ертөнцийн бүсгүйчүүд хэнээс ч дутахгүй зүслэг боловч гадны хүнд зургаа даруулж болохгүй бичигдээгүй хуультай.


Гэхдээ эмэгтэйчүүд нь зургийг нь дарахад дургуйцэхгүй байна лээ. Дэлгүүрт яваа кувейт эмэгтэйгээс зургийг нь авч болох эсэхийг асуухад “Кувейтын хэвлэлд гарахгүй бол асуудалгүй” гэж хариулсан. Харин яг зураг дарах үед биднийг хариуцаж явсан кувейт нөхөр шуудхан урдуур орж ирэв.


Гадны ажилчдын сууц.


Аль Кувейт хотын нийтийн орон сууц.


Энэ тансаг байшинд зөвхөн нэг кувейт гэр бүл сууна. Гаднаа 3-5 америк машин сойх нь энүүхэнд.


Шонхор баригч. Тайэ Мансурд Монголд шонхор барихаар олон удаа ирж байжээ. Бүр Монголын жолооны үнэмлэх гаргаж үзүүлэв. Түүнд Монголын зуны уур амьсгал, байгалийн тогтоц, тарваганы мах таалагддаг бол хэтэрхий их архиддаг нь таалагдаагүй гэж байв. Кувейтчүүдийнхээ дэргэд бол “Архи огт амсаагүй” гэж ярьсан. Монгол Кувейтын эдийн засгийн харилцаа бол зөвхөн шонхор шувуу.


Мөргөл. Мөргөлийн цаг болбол юу ч хийж байсан хаяад мөргөлөө үйлдэцгээнэ.


Эмирийн эзэмшилийн “United agricultural production” хөдөө аж ахуйн парк. Элсэн цөл дээр баянбүрд босгож чаджээ тэд. Олон төрлийн мод, цэцэгсээс гадна бөхөн, тэмээн хяруул, матар, лам гөрөөс, тэмээ, хурдан морьд энэ паркад бий.








Кувейтын иргэд сэрүүн улирлаар элсэн цөлд нэг нэг майхан бариад салхинд гарах нь өрөвдөлтэй гэмээр харагддана.Манай улс тэнд ид халуун болох үеэр кувейт жуулчин хүлээн авах боломж бий.


Дурсгал. 1990 онд Кувейт рүү дайран орсон Иракыг Монгол улс буруутгаж, хамгийн түрүүнд шахуу мэдэгдэл хийж байсныг кувейтчүүд үргэлж дурсан ярьж, талархсаар байдаг. Ирак цэргийн малгайгаар түрэмгийлэгчид орж ирсэн нутагт байгуулсан байгууламжийг чимэглэжээ.


Персийн буланд баригдаж буй төмөр зам болоод хурдны авто замын бүтээн байгуулалт. Иран, Казакстан, ОХУ-аар дайрах энэхүү зам баригдаж дуусвал Монгол улс Кувейтээс шатахуун импортлох боломж гарч ирж юуны магад.


Кувейт залуус салхинд гарч байна.


Энэ хамгаалалтын залуутай ярилцахын тулд манай кувейт жолооч Ерөнхийлөгчийг дагасан цуваанаасаа шууд л гарч үлдэв. Дараа нь будилж будилж зорьсон газраа очоод огтхон ч тоосон шинжгүй зогсож байв.


Катар



Катарын нийслэл шинэ Доха хотын өнгө төрх. Катар улс гадны хөрөнгө оруулалтыг татах ажилд маш их зүтгэл гарган ажиллаж байна. Катарчууд Азийн спортын наадмыг амжилттай хийж, 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн явуулах эрхийг авчээ.  Бүс, орон нутгийн хэмжээний уулзалт, чуулган, спортын арга хэмжээний эрхийг тэд л авч байна. Биднийг байх хугацаанд НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтыг Арабын орны спортын наадамтай зэрэгцүүлээд хийж байв. Эмир шейх Хамад Бин Халифа Аль-Тани нь Катар улсыг олон улсад нэр хүндтэй орон болгож, эдийн засаг, аялал жуулчлалаа давхар хөгжүүлэхийн тулд чуулган, наадмын эрхийг хөөцөлдөж өгөх гадаадын баг хөлслөн ажлуулж байгаа юм.


2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж бүтээн байгуулалт ид өрнөж байна.




86 мянган хүний суудалтай Lusail Iconic тэргүүтэй 12 том стадионы заримыг нь тэнгисийн усан дээр хиймэл арал байгуулан босгож эхэлжээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн дууссаны дараа зарим байгууламжаа буцааж нураахаар төлөвлөсөн Катар улс 2022 он гэхэд мөн метротой болно.


НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад оролцсон улс орны удирдлагууд.


Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хажууд тухалжээ.


Дэмжлэг.МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Катарын Доха хотноо уулзав. Ерөнхийлөгч НҮБ-д ажилладаг монгол хүмүүсийн тоог нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ноён Бан Ги Мүн Ц.Элбэгдоржийн гаргасан ардчиллын боловсролыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх санаачлагуудыг дэмжиж ажиллахаа нотлов.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтийг ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульф гаргаж тэд уулзсан юм. Бид биш тэд гуйж уулздаг цаг нэгэнт иржээ.


Катарын алдарт Сук уакиф шөнийн зах. Энд улсад ирсэн нэг ч жуулчин энэ хар захыг тойрохгүй, дайраад гарна. Эртний хэв маягаа хадгалж үлдсэн тус зах нь пиг дүүрэн хүнтэй ч эд барааны ихэнх нь хятадын хамгийн муу бараа байх юм. Жуулчид зөвхөн үндэсний хувцас, эртний эдлэл, хатаасан эм, хоолны амтлагч зэргийг л сонирхоно.




8000 орчим төгрөгийн үнэ төлөөд усан тамхи татаж, цай ууж, захаар зорчин яваа хүмүүсийг шинжиж суух нь давгүй амралт болох төлөвтэй. Эмэгтэйчүүдийн гэрэл зургыг дарах юм бол шууд цагдаад хүргэгдэнэ.


Монголчуудын хамгийн ихээр сонирхсон бараа бол сувд, алтан эдлэл байлаа. Үнэ нь ч хямд.




Гоёо. Арабын орнуудын спортын наадмыг тохиолдуулан өөрсдийн далбаагаар Сук уакиф захаа гоёжээ.






Гадны ажилчид ажлаа дуусгаад автобусаа хүлээж буй нь.


Гадны ажилчин эмэгтэйчүүд. Цаад талын байгууламжид НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны чуулга уулзалт болсон юм.


Шөнийн Доха ийн харагддаг.


Shopping mall-ын дотоод засал чимэглэл. Венеци хотоос санаа авсан бололтой.


Shopping mall-ын дотор байгуулсан хоккейн талбай.


Катар иргэд кувейтчүүдийн нэгэн адил 5000 ам.доллароос доош цалин авдаггүй. Тиймээс ч тансаг сайхан амьдралтай. Харин гадны ажилчдын цалин мөн 500 орчим ам.доллароос эхэлнэ.


Замын хажуугийн хашааг чимэглэсэн зурагт хуудаст монголчууд дүрслэгджээ.




Эмэгтэйчүүдийн зургийг дарах явдлыг нэн хатуугаар хориглодог гэлээ ч катар бүсгүйчүүд зургаа авахуулах дуртай.


Хөрш орнуудаас ирсэн жуулчид. Гэхдээ эмэгтэйчүүдэд үзүүлдэг шашны дарамт аялал жуулчлалд саад учруулдаг. Нүцгэн, шалдан явах дуртай Америк, Европын орнуудын хүүхнүүд Катар руу  зүглэнэ гэвэл гонж.


Ялгаа. Шашны үзлээс болоод эрчүүд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал муу. Гэхдээ Саудын Арабыг бодвол автомашин жолоодох, сонгууль өгөх эрх бол эмэгтэйчүүдэд бий. Катар эрсийн үндэсний цасан цагаан хувцас уг нь бүсгүйчүүдэд нь илүү зохимоор санагдах нь зөвхөн миний л бодол.


2011 оны арванхоёрдугаар сарын 5-13. Аян замын тэмдэглэл, зарим зураг сэлт нь Үндэстний тойм сэтгүүлийн №98-д бий.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив