Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хаягдал тойрсон тоглолтууд
2012 оны 2 сарын 14 [Уншсан тоо: 72471]


Цөмийн хаягдлаа хэрхэх вэ?

Дэлхийн улс орнууд цөмийн цахилгаан станц ашиглаад 50 гаруй жил болжээ. Одоогоор 31 улсад 422 станц бий бөгөөд жилдээ 2300 орчим тонн хаягдал ялгаруулдаг. Ирэх 2-3 жилд 337 цөмийн цахилгаан станц нэмж баригдах төлөвтэй. Энэ олон станцаас гарч буй өндөр түвшний аюултай хаягдлыг хэрхэх нь манай гаригийн хувьд толгойны өвчин болоод байна. Цөмийн хаягдалд зөвхөн цөмийн реакторт хэрэглэсэн түлш төдийгүй ураны уурхайгаас олборлолт хийх, боловсруулсан шар нунтаг үйлдвэрлэх, хөрвүүлэх, баяжуулах явцад гардаг хаягдал бас багтдаг. Хаягдлыг аюулын түвшнээр нь өндөр, дунд, бага түвшний гэж гурав ангилдаг бөгөөд цацраг идэвхит бодис агуулагдах хугацаа нь өөр өөр. Бага, дунд түвшнийх нь 1000 орчим жилийн дараа аюулгүй болох бол, өндөр түвшнийх нь хэдэн арван мянган жилийн настай байх нь бий.

Цөмийн хаягдлыг хэрхэх талаар янз бүрийн санаачлага гарсаар. Савлаад сансарт цөлөх, далайн ёроол эсвэл хуурай газрын гүнд булах гурван сонголт байдаг ч эхний хоёр сонголт нь одоогоор боломжгүйд тооцогдож буй. Сансарт хөөргөхөөр зардал өндөр, хэрвээ хөөргөх явц бүтэлгүйтвэл дэлхий нийтээрээ хордох эрсдэлтэй. Бусад эх үүсвэрээс үүссэн өчнөөн хог хаягдал сансарт байгаа өнөө үед нэмж цөмийн хаягдал сансарт гаргах боломжгүй. Далайн ёроолд булна гэвэл хог хаягдал хаяхгүй байх олон улсын гэрээ, конвенци саад болж байгаа юм. Цөмийн хаягдал нь ус чийг, газар хөдлөлтөөс хол байх ёстой гэх мэт газарзүйн шаардлагын хувьд далайн ёроолд булах аргагүй. Ингэхээр сүүлчийн сонголт газрын гүнд булах. Цөмийн хаягдлыг газрын гүнд булах талаар олон шаардлага байдаг ч хамгийн гол нь тухайн улсын газарзүй, цаг агаарын нөхцөл болоод нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн байх явдал. Бас дээр нь улс төрийн шалтгаан ч бий.


Хадгалалт

Цацраг идэвхит бодисын хор хохирлыг мэддэггүй байсан америкчууд битүү торхонд хийгээд хүндрүүлэгчтэйгээр далай руу шиддэг байжээ. Живэхгүй бол буудан цоолж хүртэл байсан гэнэ. 1970-аад үеэс технологи сайжирч, хаягдал хадгалалт илүү боловсронгуй болжээ. Ихэнх улс хаягдлаа өөрсдийн реакторынхоо ойролцоох усан сан дотор хадгалж, өндөр хэмийн дулааныг буурах хүртэл нь усан хөргүүр ашиглан хадгалж байгаад газрын гүний байгууламж руу аваачдаг. Сүүлийн жилүүдэд Америк, Хятад зэрэг улсууд усан дотор бус хуурай цементэн каскан дотор хийж хадгалахыг найдвартай, хямд арга гэж үзэж байгаа юм. Америкийн Тэннэссэ мужид газрын гадаргуу дээр ил байрлуулсан цементэн касктай агуулахад хар шуурганы үеэр огт гэмтэл учраагүй нь цементэн каскны бат бэхийг харуулсан явдал болсон гэж үздэг.


Хаягдал нөөцлөх сонирхол

Цөмийн хаягдал зүгээр ч нэг хог бас биш. Ирээдүйд цөмийн хаягдал нь эрчим хүчний томоохон эх үүсвэр болох магадлалтай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Яагаад гэвэл хаягдлыг дахин боловсруулаад зарим хэсгийг нь дахин станцын түлшээр ашиглаж болдог байна. Хэдийгээр дахин ашиглаж болдог ч зарим орнууд шууд хаягдал болгох бодлого баримталдаг. Цөөхөн тооны реактортой улсын хувьд дахин боловсруулалт хийх үйлдэр барих нь зардал өндөр тусдаг. Дээр нь дахин боловсруулах явцад цөмийн бөмбөг бүтээхэд хэрэглэдэг плутоныг хялбархан гаргаж авч болдог учраас АНУ, Франц, ОХУ, Хятад зэрэг том гүрнүүд улс төрийн шалтгаанаар хориг тавьдаг.



Ирэх 30 жилийн хугацаанд Казакстан 30-40 тэрбум ам.доллараар цөмийн хаягдал импортлох санаатай байна. “Казатомпром”-ын ерөнхийлөгчийн ярьсаар энэ нь бага болон дунд түвшний цацраг идэвхит хаягдал байх бөгөөд 1 000 орчим жилийн дараа гэхэд хор уршиггүй болох зүйл. Үнэ хөлсний хувьд 200 литрийн торх тус бүрийг нь 5 000 ам.доллараар үнэлж аваад 1 000 ам.долларын өртөгөөр булшлахад цаана нь торх тус бүрээс 4 000 ам.долларын ашиг унах тооцоотой юм. Энэ 2002 оны мэдээлэл учраас одоо үнэ хөлсний хувьд өөрчлөлт гарсан байх магадлалтай бөгөөд иймэрхүү наймааны гэрээ нь үргэлж нууц түвшинд явагддаг билээ. Казакстаны нутаг дэвсгэрт цөмийн туршилтын хамгийн том талбай бий. Хүйтэн дайны үед 500 орчим удаа цөмийн зэвсгийг тэнд туршиж, түүнд нэг сая орчим оршин суугчид хордсон гэх тооцоо бий. Одоо Казакстан хүйтэн дайны үеэс үлдсэн 220 тэрбум тонн цацраг идэвхит бодисыг боловсруулахын тулд наад зах нь 1.1 тэрбум ам.доллар олох хэрэгтэй. Казакстан энэ мөнгийг өөрөө гаргаж чадахгүй учраас гадаадаас цөмийн хаягдал импортлоод булшлах замаар энэ хөрөнгийг босгох зорилготой байгаа. Харин Европд Швед, Финланд цөмийн хаягдал хадгалах хамгийн найдвартай газартай боллоо гэдэг сурталчилгаа ид хийж байна. Газар хөдлөлтийн аюулгүй, ус чийг нэвтрээд байхгүй granite буюу боржингийн орд газарт 500 орчим метрийн гүнд цөмийн хаягдал агуулах байгууламж бариад ашиглаж байгаа гэнэ. Орон нутгийн иргэдтэй нээлттэй харилцаж,  мэдээлэл сайн өгдөг, хамгийн сүүлийн үеийн аюулгүй технологитой энэ орны жишээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд үлгэр жишээд тооцогдож байна.
 
ОХУ, БНХАУ ч цөмийн хаягдлыг өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ хадгалахаар өрсөлдөөнд ороод эхэлжээ. Хятад цөмийн хаягдлаа манай улсын хилийн ойролцоо, Говь-Алтай, Баянхонгор аймгуудтай хил залгаа орших Ганьсу мужид булдаг байсан гэх мэдээлэл бий. Одоо тус газартаа цөмийн хаягдал хадгалах байгууламж, дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа юм байна. ОХУ ч цөмийн хаягдал импортлож байсан арвин туршлагатай бөгөөд голчлон манай хойд хилийн ойролцоо нутагтаа булдаг юм.


Монгол яагаад сонирхол татав

Судалгааны Pangaea группээс цөмийн хог хаягдал булшлахад газарзүйн хувьд хамгийн тохиромжтой улсуудыг гаргасан байдаг ажээ. Үүнд Аргентин, Өмнөд Африк, Боствана, Намиби, Арабын хойг, Казакстан, Хятад бас Монгол багтжээ. Эд бүгд говь цөлийн хуурай бүс нутагтай улс. Хөрсний ус нэвчдэггүй, газар хөдлөлт болдоггүй, далайн ус, давснаас хол байдаг нутаг дэвсгэртэй манай улс цөмийн хаягдал агуулахад хамгийн боломжтойд тооцогдоод байгаа юм. Дээр нь хүн ам сийрэг, ардчилсан төртэй зэрэг нь “таатай газар”-аар шалгарахад нөлөөлжээ.



Үнэхээр Азид газар нутаг жижиг, хүн амын нягтрал ихтэй Тайвань, Япон, Өмнөд Солонгос улсад цөмийн хаягдлаа агуулах тухай асуудал хүнд байгаа бөгөөд үүнд Америк санаа тавьж байх үүрэгтэй. Дээрх гурван орны цөмийн станцад Америк түлш нийлүүлдэг учир хаягдалд нь хяналт тавих үүрэгтэйгээс гадна, хаягдлыг энхийн бус зорилгоор ашиглах сонирхол бүхий улс орнуудаас хамгаалах шаардлагатай байгаа юм.

Урьд нь цөмийн зэвсэгтэй тавхан улс орон байсан. Одоо ил далдаар энэ тоо 15 хүртэл өсчээ. Иймд цөмийн хаягдлыг нэг дор хадгалж, дахин боловсруулалт хийдэг олон улсын хэмжээний байгууламжтай болъё гэсэн санаачлага Америкаас гарсан байна. Зорилго нь цөмийн хаягдалд хяналт тавих гэсэн оролдлого. Цөмийн хаягдлыг дахин боловсруулах замаар цөмийн зэвсэгт хэрэглэдэг түүхий эд плутоныг амархан гаргаж авах боломжтой учраас алан хядагчдын гарт орохоос сэргийлэхийн тулд байнга хяналт тавих хэрэгтэй болдог. Ийм хяналт тавьдаг газар нь Олон улсын цөмийн энергийн агентлаг. Энэ агентлагийн гол хяналтыг Франц, ОХУ хоёр барьж байдаг бөгөөд энэ хоёр улстай өрсөлдөх үүднээс Америк, Англи, Хятад гурав шинэ холбоо үүсгэж байгаа юм байна. Өнгөрсөн жил Ганад энэ холбооны хурал болжээ. Шинэ холбоо байгуулагдсанаар Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж буй Иран, Хойд Солонгос зэрэг бусад улсад хориг тавих боломжтой болно гэж Америк тооцоолж буй бололтой. Энэ мэт санаачлагын үр дүнд байгуулахаар болсон цөмийн хаягдал хадгалах олон улсын байгууламжид хамгийн тохиромжтой нутаг нь Монгол гэж үзэх хандлага гарч иржээ. Казакстан, ОХУ өөрсдийн нутаг дээрээ үүнийг байгуулах сонирхол асар их байгаа ч Япон, Америк манайхыг илүүтэйгээр сонирхож байгаа сурагтай. Учир нь дундыг баримталсан, илүү ардчилсан орон хэрэгтэй учраас.


Салаа зам

Бүх зүйл Фүкүшимагийн цөмийн станцын ослын дараа эхэлсэн юм. Чернобылийн хэмжээнд тооцогдохоор уг ослын дараа дэлхий нийт гайхан цочирдож, цөмийн энергийг хэрэглэх нь зөв үү, эсвэл буруу юу гэсэн салаа замын уулзварт ирээд байна. Цөмийн энерги ашиглах үзэл баримтлал гаргаж, хууль баталж, 2020 онд цөмийн энергийн станцтай болно гэсэн том зорилт дэвшүүлээд байгаа монголчууд ч хэрхэх тухайгаа шийдэж ядсан байдалд орлоо.


Эрчимтэй эхэлсэн ажил

Монголчууд зөвхөн дорнодод орших нутаг дэвсгэрт тогтоосон 63 мянган тонн ураны нөөцтэй. Нөөцөөрөө одоохондоо дэлхийд 16-д жагсдаг. Цаашид илрэх магадлалтай 1.5 сая нөөц бий гэж Олон улсын цөмийн энергийн газар үздэг. 1989-1995 он хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Дорнод уран” ордоосоо 490.5 мянган тонн ураны хүдэр олборлож байсан түүх бас бий. 1962 онд байгуулагдсан Цөмийн энергийн комиссыг 2008 оноос Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд авчирч Цөмийн энергийн газар нэртэйгээр тохируулагч агентлаг болгон томруулсан юм. 2008 онд Хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөгжлийн цогц бодлогод цөмийн энергийг ашиглах тухай зорилт багтав. 2009 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч, мөн оны зургадугаар сард баримтлах бодлого гарч, долдугаар сард нь Цөмийн энергийн тухай хуулийг УИХ-аар баталсан байдаг. Түүнчлэн 2010 онд цацрагт идэвхит ашигт малтмал, цөмийн эрчим хүчний салбарт гадны улстай хамтран ажиллах хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоол гарсан бол 2011 оны 12-р сард “Цөмийн энерги-Монгол улс” форум явагдаж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг арилгаж, хүлэмжийн хийг бууруулах, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд цөмийн энергийг ашиглая гэсэн утгатай уриалга гаргав.

Энэ мэтчилэнгээр хамтарсан Засгийн газар салбарын ажлыг урагшлуулж, долоон улстай санамж бичиг байгуулжээ. ОХУ-ын “РосАтом”, Францын “Арева”, Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний газар, Хятадын үндэсний корпораци, АНУ-ын Эрчим хүчний яам, БНСУ-ын шинжлэх ухааны яам болоод Японы Байгалийн эрчим хүчний агентлагтай хамтарч ажиллахаар тохиролцоод байв. Фүкүшимагийн осол хүртэл цөмийн энергийн ашиглах ажил ийнхүү маш эрчимтэй явагдсан байдаг. 


Дуулиан юунаас эхлэв

Фүкүшимагийн ослын дараахан буюу 2011 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-ын Төрийн департаментын цөмийн эрчим, аюулгүй байдлын албаны захирал Р.Стратфорд “Монгол улс бусад орны цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ агуулахыг зөвшөөрвөл цөмийн түлшний хаягдлын асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэхэд чухал алхам болно” гэснийг Global Security Newswire сэтгүүл нийтлэснээр анхлан шуугиан үүслээ. Дуулиан Монголд бүтэн зургаан сар үргэлжилж, Монголын нийгмийг оволзуулж, зарим нэг хүний тоглолт хийх сайхан талбар болсон билээ. Global Security Newswire-ийн дараахан нь Японы “Майничи шимбүн” тавдугаар сарын дугаартаа АНУ-ын Засгийн газрын дэмжлэг дор Японы цөмийн станцуудын хаягдлыг Монголд булшлах хэлэлцээр явагдаж, цөмийн хаягдлыг нутагтаа авчирсаныхаа оронд Монгол улс туслалцаа авч, технологи эзэмшиж цөмийн цахилгаан станцтай болохоор шийдвэрлэжээ. Гэсэн ч хэлэлцээр Фүкүшимагийн ослын дараа нуран унасан юм гэсэн утгатай мэдээлэл гарлаа. Монголын эрх баригчид энэ бүхнийг худал хэмээн мэдэгдээд тус сонинд шаардлага хүртэл явуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Майничи сонины мэдээллийг Ройтерс, Wall Street Journal зэрэг дэлхийн бусад хэвлэл мэдээлэл ч цацлаа.  Цөмийн асуудал дээр гадныхан Монголыг хардаж буй ганцхан үндэслэл бий. Учир нь манайх ядуу улс. 1 мегаваттын хүчин чадалтай станц барихад 1.7-2 тэрбум ам.доллар шаардлагатай байдаг. Ийм их мөнгө бидэнд байхгүй. Хаягдлын агуулах бариад бусдын болон өөрсдийн хаягдлыг байршуулж, олсон мөнгөөрөө цөмийн технологи, станц барих санхүүгийн чадвартай болоод авах тийм нэг гарц бол манайд бий. Энэ гарцыг үндэслэн гадаадын хэвлэлүүд биднийг сэжиглэн бичиж байлаа. 

Монголд эсэргүүцэл эрчимжив. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс эхлээд улс төрийн нам, хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд тэр бүү хэл интернэтийн олон нийтийн сувгууд, гадаадад байгаа монголчууд ч эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийгээд амжсан юм. Харьяа яамны удирдлагууд, цөмийн энергийн газрын ажилтнууд, засгийн газрын эрх мэдэлтнүүд зэрэг цөмийн энергийн тухай ангайсан болгоныг нэр цохон баалж, цохиж унагахаас ч сийхгүй хэмжээнд эсэргүүцэл газар авсаныг санаж байна. Эцэст нь 2011 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар Монгол улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээр хийх гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглов” гэсэн зарлиг гаргасанаар шуугиан бүрэн намжив. Цөмийн хаягдлын тухайн шуугианаар далимдуулж зарим “эх орончид” ашигтай ажиллаж, манай ерөнхийлөгч НҮБ-ын индер дээр хүртэл цөмийн хаягдал ярьж, өөрийн рейтингээ өсгөж авснаар үйл явдал ийнхүү төгссөн. Харин үнэхээр хэсэг нөхөд цөмийн хаягдлыг Монголд булж ашиг орлого олох санаа өвөртөлж байв уу, тэдний хүслээр болох боломж байсан уу гэдгийг ухамсарлаж чадаагүй.


Тохиролцоо хийгдэх боломж бий юу?

Зөвхөн гадныхан санал тавиад өндөрлөсөн байх магадлал өндөр. Гадаадын зарим хэвлэлээр Япон, АНУ, Монгол гурван орны Засгийн газрын гишүүд албан бус хэлэлцээр хийснийг нотлох зорилгоор Японы гадаад харилцааны нууц баримт бичгийг дэлгэсэн байдаг. Тухайлбал, “Тошиба” корпорацийн ерөнхийлөгч Норио Сасакигаас АНУ-ын Эрчим хүчний яамны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Дэниел Поунманд хаягласан захидлыг “Майничи дэйли ньюс” сайтад нийтлэсэн юм.  Гэсэн ч монголын төлөөлөгчид хүлээн зөвшөөрч баримт бичигт гарын үзэг зурсан,  ядаж толгой дохисон тухай ч баримт байхгүй. “Тошиба”-гийн ерөнхийлөгч захидал ч үнэндээ тэдний хүсэл сонирхол болохоос биш манайхных лав биш. Хэн ч, ямар ч санал бидэнд тавьж  болно. Хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь бидний сонголт. Өнөөгийн ардчилсан нээлттэй нийгэмд цөмийн хаягдал нууцаар авчраад булах боломж байхгүй. Манайд 2000 онд батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох” хууль бий. Хуульд зааснаар аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор импортоор оруулах, хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглохоор заасан байгаа. Хаягдал булна гэвэл эхлээд энэ хуулийг өөрчлөх ёстой.  Мөн цөмийн хаягдал булах тухай яриа Засгийн газар, УИХ, ҮАБЗ-өөр дамжин албан ёсоор яригдах ёстой. Булахаар болсон нөхцөлд Олон улсын атомын энергийн газар ч бүх шатанд нь хяналт тавина. Ашигласан хаягдлыг дахин баяжуулах замаар цөмийн зэвсэг хийж болох плутоныг гаргаж авах боломжтой учраас хаягдал шаар ч гэсэн зөвхөн Олон улсын атомын энергийн газарт төдийгүй, том гүрнүүдын хувьд анхаарал, хяналт тавих асуудал мөн.



Дээр нь хөрш ОХУ, Хятад байна. ОХУ гэхэд Красноярскт цөмийн хэрэглэсэн түлшний агуулахыг олон сая ам.долларын хөрөнгөөр барьж буй мэдээлэл бий. Хятад улс Ганьсу мужид мөн л тийм зорилготой  агуулах барьж буй талаар дээр дурдсан. Манай хилийн ойролцоо цөмийн хаягдал байршуулах агуулахтай болж, түүндээ хаягдал байршуулж мөнгө олох санаатай хөрш хоёр улс монголчууд цөмийн хаягдал хадгалахыг зөвшөөрөх байсан гэж үү? Ядаж л тээвэрлэлтийг нь нутаг дэвсгэр дээгүүрээ явуулахыг зөвшөөрөх үү гэх мэтийн олон шалтгаанаар “хамгаалагдсан” цөмийн хаягдал нь Монголд булагдах магадлал маш бага.


Тойрсон тоглолтууд

Салбарын зарим мэргэжилтнүүд цөмийн хаягдлын тухай шуугианыг монголчуудын цөмийн салбарт авч явуулж байгаа бодлогыг өөрчлөх, ураны шахмал түлш үйлдвэрлэн экспортлох явдлыг зогсоох, ураныг зөвхөн түүхий хүдэр хэлбэрээр нь экпортлуулж байх гэсэн гадаад сонирхлын үр дүн гэж үздэг. Оросын “Известия” агентлаг Монголд хаягдал байршуулах асуудал амжилтанд хүрч байгаа тухай мэдээлж байсаныг юу гэж ойлговол зөв бол. Цөмийн энергээр боловсрол эзэмшсэн монгол мэргэжилтнүүд ОХУ-ын тухайд “Цөмийн станцуудаа түлшээр хангахын тулд оросууд Казакстан, Африкийн орнуудаас ураныг түүхийгээр авч байх хүсэлтэй. Биднийг ч гэсэн ийм нүдээр харж байгаа” гэж шууд хэлдэг. Олон асуудал дээр ялангуяа ашигт малтмалын хувьд Монгол улс эдийн засгийн хувьд хөгжил дэвшилд хүрч, баян чинээлэг байлгах  сонирхол хөрш хоёр оронд маань үнэндээ байхгүй. Уг нь Ерөнхий сайд С.Батболд Булангийн орнуудад айлчлахдаа цөмийн түлш нийлүүлэх боломжийн тухай ярилцсан байдаг. Бидний хувьд Арабын нэгдсэн Эмират, Катар, Кувейт зэрэг орнуудад түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл, чиглэл бий. ОХУ ч жишээ нь Арабын нэгдсэн Эмиратад цөмийн түлш нийлүүлэхээр хөөцөлдөж буй. Монгол өрсөлдөгч болох вий гэсэн айдас тэдэнд бий. Хоёр хөршид маань Монголын сонин хэвлэлээр цөмийн хаягдал булшлах тухай яриаг улам дэвэргэж, уран боловруулж нэмүү өртөг шингээн экспортлохоор дөнгөж төрсөн хүслийг хязгаарах санаархал бол бий. Монголын ураны салбарт хөрөнгө оруулах байр суурь, давуу байдал олж авахын тулд гадаад улс орны хоорондын өрсөлдөөний үр дүнд анх хаягдлын шуугиан босч ирсэн гэх үзэл бодолтой монгол төрийн зүтгэлтнүүд ч бий. 

Цөмийн хаягдлаар түрий барьж байгаль орчин, хүн амын эрүүл мэнд ярихаасаа илүүтэйгээр хувийн нэр хүндийг өргөх, улстөрийн зорилгоор ашиглах сонирхол их байлаа.  “Ногоон эвсэл”-ийн тэргүүн О.Бум-Ялагч, “Ногоон хөдөлгөөн”-ий тэргүүн А.Саруул нар эсэргүүцэгчдийн гол цөм болж, хаягдал булшлах зорилго агуулсан хүмүүс гэдгээр бусдыг буруутган жагсаал цуглаан хийсэн. Цөмийн хаягдал булахыг эсэргүүцсэн хүмүүс олон байсан тул тэд дэмжлэг олж чадсан юм. УИХ-ын гишүүн Д.Энхбатад “Ногоон нам”-аа “булаалгасан” О.Бум-ялагч тэргүүтэй хүмүүс цөмийн хаягдал булах асуудалд Д.Энхбатын буруутгаж улмаар “Ногоон нам”-аа шүүхийн шийдвэрээр өөрсдийнх болгож чадсан билээ. Тэд ирэх сонгууль Н.Энхбаярын МАХН-тай нэгдэх орох талаар тохиролцож чадлаа. Үнэндээ Н.Энхбаяр “Ногоон нам”-ыг эрт байгуулагдсан, сонгуулийн саналын хуудсанд дээгүүр бичигддэг бололцоог харж, худалдаж авсан гэсэн яриа байдаг. Үүнийг “Ногоон нам”-ыг үүсгэн байгуулагчийн нэг О.Бум-Ялагч нотолдог. Д.Энхбатаас тус намыг салгах эхний аргачлал нь үнэндээ цөмийн хаягдал тойрсон тоглолт байлаа.

Дуулианы эцэст төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн захирал Р.Бадамдамдин, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа нар ажлаа өглөө. Уг нь Стэнфордын их сургуулийн профессор А.Ундрааг нэр төртэй ажлаас дуудаж авчран цөмийн энергийн асуудлаа шийдүүлэхээр ажлуулаад эцэстээ зүгээр л нулимж орхисон энэ. Цөмийн энергийн газрын дэд дарга, зарим албаны дарга нар ч ажлаасаа хусагдав. Сая газрын дарга нь халагдлаа. Дарга С.Энхбат нь цөмийн хаягдал булшлах тухай ярьж байсан нөхдүүд өшөө хонзонгийн сэдэлтэйгээр ажил төрөлд нь саад болж байна, ажлаа өгөхгүй, шүүхдэнэ гэлээ. Цаг нь ирэхээр хаягдал хаях тухай хэлэлцээр хийсэн хүмүүсийг зарлана гэж заналхийлэв.  

Монгол улс ураны түлш үйлдвэрлэх, 2020 онд цөмийн цахилгаан станцтай болох зорилго үндсэндээ ингээд зогсонги байдалд орж байна. Цөмийн энергийн ажлыг гардан гүйцэтгэх  төрийн өмчит “Мон-атом” компани удирдах толгой эзгүй байна. Хэзээ, хэн томилогдох нь тодорхойгүй удлаа. Хэрхэх нь цаг хугацааны л асуудал байх. Дэлхий дахиныг ац шалаанд оруулаад байгаа Фүкүшимагийн ослын дараах намжмал байдал манайд ч гэсэн үүслээ.


Төгсгөл

Ураныг олборлохоос эхлээд бүх шатанд цацраг идэвхит хаягдал их бага хэмжээгээр гардаг. Иймд нэмүү өртөг шингэсэн цөмийн  түлш үйлдвэрлэж, гадаадад экспортлож, цаашлаад цөмийн цахилгаан станцтай боллоо гэхэд бидний хэрэглэсэн түлшийг агуулах хаягдлын байгууламж зайлшгүй хэрэг болох нь тодорхой байв. Нэгэнт ураныг ашиглах үндэсний бодлого маань эхнээсээ хаягдалтай байсан талаар Үндэстний тойм сэтгүүл өмнө дурдаж байсан. Цөмийн энергийн тухай үзэл баримтлал, хуулиа дагаад цөмийн түлш экспортлодог, цөмийн энергийг ашигладаг том хэмжээний тоглогч болох уу, эсвэл хаягдлын дуулианыг дагаж энэ бүгдээ устгаад ураны ордоо түүхийгээр нь гадагш зөөх үү гэсэн хоёр сонголт бидэнд үлдлээ.


Үндэстний тойм сэтгүүл №51, 01(99-100) 2011-2012 (Нэмж завсарлав)
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив