Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Африкчууд ч хөх толботой
2012 оны 2 сарын 7 [Уншсан тоо: 134022]
Үзэл баримтлал

Байгаль нуураас Хятадын цагаан хэрэм, Алтай нуруунаас Солонгосын хойг хүртэлх Төв Ази нутгийн нүүдэлчдийг нэгтгэсэн Хүннү гүрэн 300 гаруй жил оршин тогтносон гэдэг. Хүннүчүүдийг хэний өвөг дээдэс, хаанаас гарал үүсэлтэй тухай гурван том үзэл баримтлал бий. Түрэг угсаатан овог аймгууд байсан, хожмын түрэгүүдийн өвөг дээдэс гэсэн үзэл байхад ерөөсөө цэвэр монгол овог аймгууд байсан, өнөөгийн монголчуудын өвөг дээдэс гэж хатуугаар үзэх хүмүүс ч бий. Харин гурав дахь нь түрэг, монгол, түнгүс, манж зэрэг овог аймгуудын нэгдэл гэж үздэг бөгөөд сүүлийн үзэл баримтлалыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байгаа аж. Үүнийг генийн судалгаа хүртэл нотолдог.

Д.Түмэн хатагтай бол 40 гаруй жил антропологи буюу хүн судлалын чиглэлээр судалгаа хийж буй Монголын томоохон эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор цолтой, МУИС-ийн археологи-антропологийн тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг. Түүнтэй хүннүчүүд болоод өнөөгийн монголчуудын гарал үүслийн тухай энгүүн яриа өрнүүлснээ дор нэгтгэлээ.

Монгол төрхтөнд: Дэлхий дээрх хүмүүсийг гурван үндсэн хэсэгт хуваадгийн нэг нь монгол төрхтөн юм. Төв тэрчлэн Зүүн ба Хойд Азийн нутаг дэвсгэрт түгээмэл тохиолддог шулуун хар үстэй, хар бор нүдтэй, бор шаргал арьстай хүмүүсийг шинжлэх ухаанд монгол төрхтөн гэдэг. Энэ төрхтнийг 420 мянган жилийн өмнө бүрэлдэн бий болсон гэж үздэг. 

Судалгааны зорилго

Д.Түмэн доктор Монголын эртний болоод орчин үеийн хүн амын антропологийн судалгааг хийхдээ байгаль шинжлэл, угсаатан судлалын аргыг давхар ашигладаг. Археологийн олдворууд болох хот суурингийн балгас, хүн чулуу, хадны бичиг, булш хиргисүүр зэргийг давхар анхаарч судална гэсэн үг. Нэн ялангуяа булшны дурсгалыг. Булшинд малтлага хийх явцад олдсон эртний хүний ясан дээр ихэвчлэн судалгаа хийнэ. Тухайн булшны эзэн ямар төрхийн хүн байсан, өнөөгийн монголчуудтай ижил үү, өөр газраас нүүдэллэж ирж суурьшсан уу гэх мэтийг тодруулна. 8-9 мянган жилийн тэртээх Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд Хүрлийн үе, Төмрийн үе, Хүннү, Сяньби, Жуажан, Түрэг, Уйгар, Киргиз, Кидан гэсэн дундад зууны үеийн улсууд, XIII зууны Монголын эзэнт гүрэн хүртэлх булшны дурсгалуудаас олдсон хүний ясан дээр нь анторполиогийн судалгаа хийж, бүх түүхэн үеийн хүн ам, гарал үүслийн хувьд ямар холбоотой вэ гэдгийг дүгнэн шинжлэх нь түүний гол зорилго.

Чиглэл

Түүний судалгаа хэд хэдэн чиглэлтэй. Эхнийх нь эртний олдвор болоод бидний үеийн монгол төрхтөний хэв шинжийг тодорхойлох. Үүнд нь бүх түүхэн үеийн хүн амын биеийн жин, хөл гарын урт, мөрний өргөн гэх мэт бие бялдар хөгжлийг судлах явдал багтаж байгаа. Мөн ямар өвчлөлт түгээмэл байсныг анхаарна. Хамгийн гол нь хүн судлалын шинжлэх ухаанд маш түлхүү хөгжиж байгаа ясны ДНХ судалгаа буюу генетик.

Эрт балрынх байсан ч хамаагүй хүний яснууд нь удамшлын мэдээллийг байнга агуулж байдаг. Тэрхүү мэдээллийг агуулж буй бодисыг ялган авч, ямар ямар ген агуулж байгааг маш нарийн технологийн түвшинд гаргаж уншдаг. Ингэж гарал үүслийн асуудлыг шийддэг судалгааг Д.Түмэн доктор Монголын бүх үеийн олдворууд дээр ашиглаж байгаа юм. Ганцаараа ч биш, бусад улсад ажиллаж буй өөрийн шавь нар, гадаадын эрдэмтэдтэй хамтарчээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын Чун Ани их сургуулийн Life science лабораторийн профессоруудыг энд дурдаж болно.

Бид хаанаас ч нүүж ирээгүй

Хүннүгийн үеийн зуугаад олдвор манайд бий. Тэдгээрт хийсэн генетикийн судалгаагаар хүннүчүүдээс 12 төрлийн удамшилын ген илэрдэг байна. Энэ 12 ген нь хүрлийн үеийнхэнтэй, бүүр цаашлаад Хүрэл, Шинэ чулуун зэвсгийн завсрын үед амьдарч байсан хүмүүсийн гентэй адил байдаг нь тогтоогджээ. XIII зууны эзэнт гүрний хүн амын дундаас Хүннүгийн бүх ген олддог бол орчин үеийн монголчуудаас ч тэр бүх 12 ген илэрдэг юм байна. Яах аргагүй Хүннү, түүнээс өмнөх үеэс уламжилж авсан генээ бид өнөөг хүртэл хадгалаж байгаа гэсэн дүгнэлт эндээс гарч буй юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний гарал үүсэл хүннүчүүдтэй маш нягт холбоотой, тэд зайлшгүй бидний өвөг дээдэс мөн гэсэн үг. Эндээс 10 мянган жилийн өмнө Монголын нутаг дээр амьдарч байсан нүүдэлчин овог аймгууд бол бидний хамгийн эртний өвгүүд, бид зөвхөн Монголдоо л амьдарч байсан, хаа газраас ирж суурьшсан хүмүүс ердөө биш аж. Харамсалтай нь Шинэ чулуун зэвсгийн үеэс өмнөх олдворууд Монголд битгий хэл дэлхийд ховор байдаг билээ.

Баруун монголчуудад европ ген их

Шинэ чулуун зэвсгийн үеэс XIII зууны Монголын эзэнт гүрний үе хүртэл монголчуудын хүн амд цус холилдох процесс маш эрчимтэй явагддаг байж. Хүннүгийн үеийн антропологийн олдворуудыг баруун, төв, дорнод гэсэн газарзүйн бүсчлэлээр хуваан генийн тархалтыг судлахад Баруун Монголын хүннүчүүдийн бараг 50 хувьд нь европ гаралтай ген тааралдсан байна. Ер нь Хүрэл, Шинэ чулуун зэвсгийн үед Баруун Монголд европ төрхтнүүд олноор амьдарч байсан бол төв болон дорнод Монголд монгол төрхтнүүд зонхилох маягтай. Гэхдээ Шинэ чулуун зэвсгийн үеийн төв болоод дорнод Монголын монгол төрхтнүүд орчин үеийн биднээс арай өөр төрхтэй. Сүүлд Шинэ чулуун зэвсгийн сүүлч үеэс Баруун Монголын нутгуудаас нүүдэллэн ирсэн овог аймгууд төв, дорнод Монголын нутагт ирж суурьшсаны дараа, Хүннүгийн үеэс өнөөгийн төрхтний хэв шинж бүрэлдэж эхэлжээ. Хүннүгээс хойш монголчуудын антропологийн хэв шинж бараг өөрчлөгдөөгүй гэж үздэг болохоор хүннүчүүд нар орчин үеийн монголчууд бидэнтэй л адилхан дүр төрхтэй байсан гэж ойлгож болох нь.

Хүннү гүрэн 300 гаруй жил тогтоод бутрах үед нэг хэсэг нь баруун тийш нүүдэллэж Ром хүртэл явсан, өөр нэг хэсэг нь зүүн урагшаа нүүж Сяньбигийн бүрэлдэхүүнд орж явсан зэрэг нүүдлийн зам хүртэл генетикийн судалгаагаар маш тодорхой харагддаг юм байна. Тэгэхээр генийн судалгаа нь хүн амын миграц буюу нүүдлийн замыг тодорхойлоход их тус дэм үзүүлдэг.

Түгээмэл тохиолддог өвчлөлүүд

Хүн амын өвчлөлтийн байдал бол эрхэлж байгаа аж ахуй, амьдралын хэв маяг, хүнс тэжээл зэрэг олон зүйлээс хамаардаг нь ойлгомжтой. Хүннүчүүд мал, аж ахуй эрхэлсэн нүүдэлчид байсан учраас суурьшмал соёл иргэншилтэй хүмүүстэй харьцуулахад ясны гэмтэл, бэртэнги ихтэй байжээ. Удаан хугацаанд мориор давхидаг тул хөлний ачаалал өндөр, өвдөгт нь яс ургадаг, механик ачааллаас хамаараад үе мөч, нурууны гэмтэлүүд булшнаас олдсон ясанд их. Дайн байлдаанч байсан гүрэн арга ч үгүй биз. Харин халдварт өвчний ул мөр бараг тохиолддоггүй гэнэ. Хэдийгээр олдвор яснаас бүх өвчлөлтийн байдлыг тодорхойлох боломжгүй ч хүнс, тэжээл, янз бүрийн бичил элементийн дутагдал, гэмтэл согог зэргийг тодорхой харж болдог байна.

Хүннү судлал нь олон эрдэмтэдийн анхаарлын төвд байсаар ирсэн хэдий ч хүннү нарын хэл, угсаа гарвал, угсаатны бүтцийн хувьд түүхэн дараах үеийн улс аймгуудын түүх, соёл, монголчуудын угсаа гарвал, антропологи, генетиктэй ямар холбоотой талаар эдүгээ хүртэл маргаан байсаар байгаа гэж Д.Түмэн доктор хэлж байлаа.

Суурьшмал иргэдээс ганц ялгагддаг зүйл нь шүдний өвчлөлт маш бага. Хатуулаг зүйл иддэгээс шүдний элэгдэл ажиглагддаг ч ургамлын гаралтай хүнс тэжээл хэрэглэдэг суурьшмал иргэдээс шүдний өвчлөлтийн хувьд хамаагүй эрүүл байжээ. Сүү, цагаан идээ гээд кальци их агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг тул шүдний шохойжилтын шинж тэмдэг бас илэрдэг. Өвчний тархалт нь нүүдэл суудлын замыг маш сайн харуулж өгдөг аж.

Хүннүчүүд хот сууринтай байсан

300, 400-гаад булштай оршуулгын газрыг судлахад сууриндуу маягийн иргэншилтэй хүн ам амьдарч байж гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэгвэл Хүннүгийн үеийн дурсгал бүхий 200, 300-гаад булштай нэлээд олон газрууд Монголд бий. Хүннүчүүд бүгд нүүдэлчид байгаагүй, тэдний үлдээсэн хот суурингийн тууриуд энд тэнд бий. Тухайлбал, Архангайн Хотонт сумын нутагт орших Тамирын голын хөндийд 300-гаад булш бий. Том хот суурингийн дайны бус гэлээ ч тодорхой хэмжээний хүн суурьшиж байсан гэж ойлгогдохоор хэмжээний гурван хэрэм холгүйхэн байдаг гэнэ. Энэ хэрэм хүннүчүүдтэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэнд хийсэн малтлагаас суурин хүмүүст илэрдэг шүдний цооролт, паалангийн хомсдол зэрэг өвчин илэрсэн нь суурин хүн амьдарч байсныг улам бататгаж байгаа юм. Гар урлал хөгжсөн ч харагддаг, ваар сав их олдно. Ваар бол суурьшмал газар ашиглагддаг тул ширэн сав суулга хэрэглэдэг нүүдэлчдэд тохирмжгүй, хагарах эрсдэлтэй эд. Энэ бүгдээс эрдэмтэд хагас нүүдлийн байдалтай Хүннүгийн хүн ам тэнд иргэншиж байжээ хэмээн үзэж байна.

Давтагдашгүй ховор гентэй юу, бид

Монголчууд бол ховор гентэй, хөх бөгстэй төрдөг онцгой хүмүүс, ховор генээ аварч үлдье гэх үзэл бидний дунд машид дэлгэрсэн. Тийм ч учраас бид бусдаас оюун ухаан болоод бие хүчний хувьд онцгой илүү гэсэн хийрхэлтэй хэсэг бүлэг хүнийг та таних л байх. Иймэрхүү төрлийн ярианд Д.Түмэн доктор тун шүүмжлэлтэй ханддаг. “Хүн төрлөхтний генийн сан нэг. Өнөөгийн монголчуудад илэрч байгаа ген Азийн хүн амд ч байдаг, Европын хүн амд ч бий. Бидний ген ариун нандин гэдэг бол хүн судлаач хүний зүгээс харахад маш хортой, буруу зүйл” хэмээн ярилаа. Тэгээд ч өнөөгийн монголчуудаас илэрдэг 17-18 генийн алийг нь онцгой гэж авч үлдэх ёстой юм бол? Монгол ген гэж алийг нь хэлэхийг бид бүү хэл генетик судлаачид ч шийдэж чадахгүй. Олон нийтэд шинжлэх ухааны мэдээлэл маш бага очдог нь энэ мэтийн ам дамжсан ярианаас ажиглагдана. Хүн судлаачдын хувьд арьсны үзэл, хэт үндэсэрхэг үзэл зэргээс их болгоомжилдог, миний ген сайн, чинийх муу, миний соёл сайхан, харь орных муухай гэх мэтээр ярьж хэлэх нь гэмт хэрэг үйлдсэн дайны зүйл.

Бушмэнууд хүртэл хөх толботой

Бидний онцгойрон гайхуулах дуртай хөх толбо дэлхийн олон оронд тархсан байдаг. Африкийн бушмэнуудын 60 хувьд нь төрсний дараа бас илэрдэг юм байна. Тэгэхээр зөвхөн монголчуудад хамаатай бэлгэ тэмдэг гэж үзэхэд хэцүү. Хөх толбо хамгийн өндөр давтамжтай үзэгддэг орон гэвэл харин Монгол. Хүн судлалын зүгээс тайлагддаггүй сонин сонирхолтой шинж тэмдэг гэнэ. Гэхдээ хүний оюун ухаан, амьдралын боломж, чадвар зэргээс ямар ч хамаарал байхгүй элээбиологийн шинж тэмдэг гэдэг нь ойлгомжтой. Өвчин бол биш. Эрдэмтдийн үзэж буйгаар хүн төрөлхтний хувьсал өөрчлөлтийн явцад хамгаалалтын чанартай арьсанд үлдсэн нөсөө юм гэнэлээ. Байгалийн шалгарал явагдаж, хүний арьсны өнгө өөрчлөгдөөд ирэх үед тэр хэсэг газарт удамшигдаад үлдчихсэн зүйл гэсэн нэг таамаг байна. Жишээ нь, бидний нүдэнд байдаг нар салхинаас хамгаалах зорилготой бүрхэвч маягийн эпикантус гэдэг шинж тэмдэгтэй адилтгаж үзэж болох гэнэ. Монголчууд, өмнөд Сибирийн буриадууд, тува, якутууд зэрэгт өндөр давтамжтай тохиолддог эпикантус нь япончууд, солонгосчуудын 60-70 хувьд илэрдэг. Өвөрмонголчуудад ч байдаг. Хатуу ширүүн байгалийн нөхцөлд дасан зохицох үүднээс бидэнд заяасан эпикантус Европынхонд ерөөсөө байдаггүй. Төгсгөлд хэлэхэд генийн судалгаа нь байгаль шинжлэлийн арга дээр тулгуурлан гарал үүслийг тогтоодог болохоор соёл, түүх, угсаатан судлал зэргийг бодвол илүү бодит баримтад дөхсөн үр дүн гаргадаг. Харин хөх толбо мэтээр удам судраа хайя гэвэл Хөх тэнгэрийг дуудахаасаа өмнө хэдүүлээ эхлээд Африк орох хэрэг гарах нь дээ.  
 Үндэстний тойм сэтгүүл №75,76 2011.07.11
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив