Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Мээрт ташуур хэрэгтэй
2011 оны 12 сарын 30 [Уншсан тоо: 48027]

Дэлхийд дэд Улаанбаатар

Time сэтгүүлийн нэрлэснээр 2011 онд Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрт жагсав. Өмнө нь Ираны Абхаз хот гишгэжээ. Харин Forbes сэтгүүл хамгийн аюултай хотоор шалгаруулсан. Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээллээс үзвэл агаарын бохирдлын 50 хувийг гэр хорооллын 170 гаруй мянган айл өрх, 20 хувийг мөн тооны автомашин, зургаан хувийг нийслэлийн гурван ДЦС, 10 хувийг 1.4 мянган нам даралтын уурын зуух, барьж буй барилга, хуурай хог хаягдал зэргээс бусад хувь нь үүдэлтэй аж. Хотын захирагч Г.Мөнхбаярын хэлснээр бид жилд 5.9 сая тонн түүхий нүүрс, 230 мянган шоо метр мод, 100 мянган автомашины дугуй, хуванцар сав шатаадаг. Үр дүнд нь 260 мянган тонн хорт бодис агаарт тархаж, нийслэлийн нэг иргэн надад 317.8 кг хорт бодис ногддог байна. 

Хүн амын нас баралтын шалтгааны эхний тавд амьсгалын замын өвчлөл багтдаг бол гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл 1.7-4.4 дахин их илэрдэг. Уран, хүнд металл, тугалга зэрэг 200 орчим хорт бодис илэрдэг нийслэл хотын маань агаар мандалд сүүлийн үеийн судалгаагаар маш хортой диоксин хэмээх бодис илрэх болжээ. Диоксиныг энгийнээр тайлбарлавал, сиамын ихэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хорт хавдрын шалтгаан юм. Хориод жилийн өмнө хорт хавдраар жилд 2 000-2 500 хүн өвддөг байсан бол одоо 3 000-3 500 хүрч өсчээ.

Амьсгалын замын өвчлөлөөр 2010 онд 90.7 мянган хүн өвчилж, үүнд 4.8 тэрбум төгрөг зарцууллаа гэж эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдэгдэв. Агаарын бохирдлоос болж хүүхдийн өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, цээжний тойргийн хэмжээ багассан, нялх хүүхдийн эндэгдэл, ураг хэвлийдээ амьгүй болох гэх мэтчилэнгийн аймаар тоо баримт хичнээнийг ч урсгах боломжтой. Тэгэхээр больё. Товчхондоо бол Улаанбаатар-гамшиг.



“Үхлийн хөндий”- Кубатао

Бразилын Кубатао хотын тухай уншвал яг өнөөгийн Улаанбаатар санаанд бууж байна. 1970-аад онд энэ хотын 23 том үйлдвэрээс 22 мянган тонн органик бус шингэн, 1.5 мянган тонн хүнд металлийн хаягдал шууд байгальд хаягджээ. Аж үйлдвэрийн яндангуудаас жилд 114 мянган тонн бохир утаа суунагладаг байж. 33 мянган тонн үйлдвэрийн хаягдал тэдний “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр нь хор ялгаруулаад хэвтдэг байж.

Хорт утаа, өмхий үнэр тархаж, амьсгалын замын халдварт өвчин дээд цэгтээ хүрчээ. Кубатао хотыг  “Үхлийн хөндий” гэж нэрлэх болж дэлхийн хамгийн бохир 10 хотыг тэргүүлэх болов. 1980 оноос тус хотод тархигүй төрсөн ургийн тоо нэмэгдэж, хүүхдийн эндэгдлээр Бразилдаа толгой цохилоо. Хүн амын 1/3 нь хатгаа, сүрьеэ гэхчилэн амьсгалын замын өвчнөөр өвдөж, хорт хавдраар өвчлөгсөд 6 дахин нэмэгджээ. 1984 онд Кубатаогийн “Туул” гол нь ширгэж, азаар хортой хүнд металлууд далай тэнгис рүү орох нь зогссон гэдэг. 1985 онд 48 цагийн турш хүчиллэг бороо орж, уулийн шавар нуран, аммиакийн шугам сүлжээг эвдсэнээс болж 15 тонн химийн үүл хотыг бүрхсэн байна. Иргэд нь гомдол гаргаад ч дийлсэнгүй, өөрчлөлт ч гарсангүй. Байгаль хамгаалах хууль байсан ч тэр нь манайх шиг үйлчилдэггүй байж л дээ. Ингээд иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлэв.

Бразилийн улс төрд өөрчлөлт гарч иргэд нь идэвхтэй эсэргүүцэн боссоны үр дүнд үйлдвэрүүдтэй үнэхээр хатуу гараар хариуцлага тооцож чадсан юм. Асар их мөнгө төлөх, эсхүл 5 жилийн дотор онцгой өөрчлөлт хийхийг шаардав. Үйлдвэрийн удирдлагууд шинэ Засгийн газрыг хахуульдахыг оролдсон ч салаавчтай хоцорчээ. Үйлдвэрүүд яндангуудын утаа ялгаруулалтыг 72 хувиар бууруулж, органик бус шингэн хаягдлыг 93 хувь, хүнд металлын хаягдлын 97 хувийг бүрэн устгасан их цэвэрлэгээг өөрсдөө хийсэн юм.

1952 онд Лондон юу ойлгов?

Агаарын бохирдол ярихаар 1952 оны Лондонг жишээ болгон авах нь элбэг. Түүхэнд Great smog гэж тэмдэглэгдэн үлджээ. Тухайн оны арванхоёдугаар сарын 5-9-ны хоорондох дөрөвхөн өдөр Лондон хот утаан хөшигт бүрэн автсан юм. Антициклон буюу салхигүй тогтуун цаг агаартай байсан тэр хоногуудад түүхий нүүрс түлж дулаацдаг байсан лондончуудын утаа нүүж арилсангүй. “Лондон хот хэдий утаа униартай байдаг ч тэр өдрүүдэд хэдхэн ярдын өмнөх юм ч харагдахгүй байсан” гэж нэгэн иргэн дурсан ярьжээ. Метроноос бусад нийтийн тээврийн хэрэгсэл бүрэн зогсч, түргэн тусламж ч ажилласангүй, иргэд өөрсдөө эмнэлэг рүү очиж байв. Концерт, кино зэрэг үзвэрүүд цуцлагджээ. Эмнэлгийн тайлан мэдээнээс харвал гамшгийн дараах долоо хоногуудад 4 000 орчим хүн нас барсан гэж дурдсан байна. Сүүлд дээд тал нь 12 мянган хүн амь насаа алдсан, 100 мянган хүн амьсгалын замын өвчлөлтөөр өвдсөн гэсэн тооцоог гаргажээ.

Дөрөвхөн хоногийн энэ явдал лондончуудад том зүйл ойлгуулсан юм. Нүүрсээ түлэх үү, паприйшгаа түлэх үү гэдэг нь зөвхөн нэг гэр бүлийн, хувийн асуудал биш, нийслэлийн, нийтийн асуудал юм байна гэдгийг ойлгож, хэн юугаа түлэхийг засаг нь мэддэг болжээ. “Цэвэр агаарын тухай хууль”-ийг 1956 онд баталж утаагүй түлш, цахилгаан, газ зэргийг ахуйн хэрэглээнд хүчээр нэвтрүүлэв.   

Хятадын арга

Хятад улс Бээжингийн олимпийн бэлтгэл ажлын хүрээнд агаарын бохирдолтой ширүүн тэмцсэн. Аж үйлдвэрүүдийг түр зогсоох, тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Бээжин, Тяньжин, Таньшан зэрэг хотуудын барилга, уул уурхай, химийн үйлдвэрүүдийг түр зогсоох замаар утаа ялгаруулалтыг 30 хувиар бууруулж, албаны унааны 70 хувийг хөдөлгөөнд оролцуулалгүй, хувийн унааг зөвхөн зөвшөөрөгдсөн өдрүүдэд зорчих шийдвэр гаргаж байв. Уг арга хэмжээний дүнд 3.3 сая машины 50 хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байлаа. Мөн хотын доторх галлагаатай шавар тагзуудыг ч хөөж гаргасан. Өмнө нь 2006 онд Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн автомашины хөдөлгөөнд хориг тавьж 2.8 сая машины 800 мянга нь гурван өдрийн турш хөдөлгөөнд оролцоогүй учир агаар мандал дахь азотын ислийг 40 орчим хувиар бууруулсан түүхтэй. Хэдий Эмнести интернэшнл зэрэг олон улсын зарим байгууллагууд хүний эрх зөрчлөө, иргэдийг орон гэргүй, ажил төрөлгүй болгож байна хэмээн шүүмжилж байсан ч Хятадын захиргааны ажлууд нь сайн үр дүнд хүргэсэн юм. Тэдний ажиллагаа нь түр зуурын арга байсан хэдий ч агаарын бохирдлыг хүчээр, хурдан бууруулж болох юм гэдгийг бусдад ойлгуулсан.   

Зуухаа “амиллуулж” аргадав

Аравдугаар сарын 29. Нийслэлийн 372 жилийн ойн баярын өдөр болов. Эм-Си-Эс группын охин компани “Сэлэнгэ консракшн” Сүхийн талбай дээр 100 зуух галлаж, Гандантэгчинлэн хийдийн лам нараар аравнайлуулав. Аравнайлна гэдэг нь зуухнуудаа “амь оруулж” байгаа гэсэн үг.  Аргаа барсан хүмүүсийн үйлдэл л дээ.

Хот утаанаасаа салах гэж маш олон ажил хийсэн. Гэр хорооллыг орон сууцжуулах нь хамгийн үр дүнтэй зөв арга ч газраа сансрын үнээр үнэлчихээд бөгсөө өндийлгөхгүй байгаа гэр хорооллынхныг хүлээвэл бүгд угаартаж үхэх нь тодорхой. Иймд хэдэн жилдээ утаагүй зуух тараах нь зөв үйлдэл.

Жил болгон тэрбумаар нь мөнгө төсөвлөж, гэр хорооллын иргэдийг чадах чинээгээрээ харж үзсэн. Энэ жил бүр хууль хүртэл гаргаж, зөвхөн төр л гэхэд 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөв.  Мянганы сорилын сан, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагууд хүртэл хөрөнгө гарган дэмжив. Гэрийн дулаалга, кокс, үртсэн түлшээр хангаж, сайжруулсан гэрийн зуух нийлүүлж, цахилгааны үнийг нь 50 хувиар хөнгөлж өгөв. Хувийн компани санхүүгийн эрсдэлээ өөрөө үүрч, олон мянган утаагүй зуух оруулж ирэв. 400-500 ам.долларын өртөгтэй зуухыг 25-хан мянган төгрөгөөр өгөөд байхад “Манайх гал голомтоо өгөхгүй” гээд буцаагаад чулуудаж байна гэнэ дээ. ТВ-ээр “Дэлбэрдэг зуухыг тавихгүй” гэж ярьж байгаа иргэний үг хичнээн жил хотыг утаатай байлгах бол?

Арга ядахдаа зуух оруулж ирсэн компани нь лам нарыг авчраад зуухнууддаа “гал голомт” суулгаж байна шүү дээ. Гандантэгчинлэн хийдийн лам “Хуучин зуухнаасаа багахан үнс аваад үлдэхэд гал голомт тань танай гэрт үлдэнэ шүү дээ” гээд учирлаж зогсоо харагдав. Зүй нь нийслэлийн удирдлагууд энэ жил батлагдсан “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд иргэн, ААН, байгуулагын дагаж мөрдөх журам”-аа гаргаж ирээд 3.1.2-т заасан агаар чанарын стандартад нийцсэн зуух хэрэглэнэ шүү, үгүй бол нүүлгэнэ шүү хө иргэн гуай гээд зандарч байх учиртай билээ.


 


Мээрт ташуур хэрэгтэй

Өмнө дурдсан гадны жишээнээс харвал бүгдийг хүчээр шийджээ. Олон нийтэд тулгамдсан аюултай асуудалд хотын удирдлага, засгийн газар нь шийдвэртэй арга хэмжээ авсан жишээ захаас аваад олон. Өнгөрсөн наймдугаар сард интернэтээр цацагдсан Литвийн нийслэл Вильнюс хотын захирагч Артурас Зуокагийн үйлдлийг дурдаж болно. Мань эр хотын дарга болоод нийслэлээ дугуйн замтай болгожээ. Гэтэл өнөөх зам дээр нь автомашин тавьж дүрэм зөрчөөд байхаар нь танкаар нэг автомашиныг бяц дайран газартай нь тэгшилсэн юм. Артурас захирагчид өөрийгөө сурталчлах хүсэл сонирхол байсан л байх. Гэхдээ хууль дүрэм зөрчигчидтэй ингэж хатуу тооцоо хийх ёстой гэдгийг иргэддээ үлгэрлэж чадсан юм.

Соёлч боловсоноороо гайхагдсан барууныхан ч бидний монголчуудтай яг адилхан. Хагас зуун жил өнгөрчихөөд байхад суурин амьдралын соёлыг сурталчилсан  50-иад оны “Матар” сэтгүүлийн шог зураг дээрх үйлдэл өнөөдөр ч оршсоор байгаа. Шаардлагатай, яаралтай ажилд олон нийтийг гэгээрүүлж ойлгуулах шаардлагагүй юм. Сургана, сурталчилна гэж явах ажил нэгэнт үр ашиггүй болжээ, Улаанбаатарын утааны хувьд. Хотын дарга, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос хүчтэй, шийдэмгий шийдвэр хүлээж байна, бид. Иргэд хууль журам байсаар байтал үл тоомсорлож байгаа бол та нар танк биш юмаа гэхэд ядаж ташуур хэрэглэх цаг нэгэнт иржээ. 60 саяын үнэтэй жорлон бариад өгч байхад тойроод бие засч байгаа хүмүүст ташуураас өөр юу зохих юм вэ? 

Үндэстний тойм сэтгүүл 2011.12.05

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив