Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүссэндээ хүрсэн хүүхдүүд
2011 оны 12 сарын 19 [Уншсан тоо: 71484]
Үүсэл

Хип хоп хөгжмийг 1970-аад оны үед Нью-Йоркийн хотын Бронксоос үүссэн гэдэг. DJ нар үдэшлэг зохиох үедээ бусад дуунаас бөмбөрийн дуугаралттай хэсгийг авч эвлүүлэн хэмнэл гаргаж авсан нь хип хоп урлагийн эхлэл болжээ. Гол төлөөлөгч нь DJ Clive “Kool Herc” Campbell байсан бөгөөд Kool үдэшлэг дээрээ уриа, зарлалын шинжтэй зүйлсээ хөгжмийн хэмнэлдээ тохируулан үглэх байдлаар хэлдэг байсан нь рэп үүсч хөгжихөд нөлөөлжээ. 

Түүх

Монгол хип хопын түүх. “Түүх гэх үү, тэгж ярих нь хэтэрхий “өөд татсан” явдал болох юм биш үү” гэх ч хүн байна. Үнэхээр 90-ээд оны тухайн үед хип хоп сонирхдог, үглэдэг залуучуудын дунд хөгжмийн мэдлэгтэй гэчихээр ганц ч хүн байгаагүй гэдэг. “Зүгээр хулигаанууд, орцны үүдээр эргэлдэж байдаг, архи дарс хүртчихдэг, зодоон цохион хийдэг хүнд гарууд л хип хоп руу орж ирсэн байдаг юм” гэж олны танил нэгэн хип хоп залуу дурслаа.

Монголд ардчилал ялсны дараагаар MTV, MCM, Channel-V зэрэг барууны хөгжмийн сувгууд орж ирсэн нь Vanilla Ice, MC Hammer, Wu-Tang Clan, 2pac, Coolio, TLC, Dr.Dre, Snoop doggy dog гэх мэт хамтлаг дуучдыг Монголын хүүхэд залуучууд мэддэг болоход нөлөөлжээ. Яг энэ үеэс эхлээд рэп, хип хоп хөгжим сонирхох явдал их хүчээ авч эхэлсэн гэдэг. Тэр бол 1995-96 он байлаа. Тухайн үед тавдугаар сургуульд багшилдаг байсан Жейсон Готфрейд хэмээх англи залуугийн тухай дурдалгүй өнгөрч болохгүй. “Wu-Tang Clan” хамтлагийг биширдэг, сурталчилдаг, “hip hop messenger” гэж өөрийгөө цоллодог байсан энэ залуу хип хоп цомгийн арвин цуглуулгатайгаас гадна “Хөх тэнгэр” радиод нэвтрүүлэг хөтөлдөг байсан нь монгол залуучуудын сонирхолыг өдөөхөд том хувь нэмэр болсон гэдэг.

Өгүүлбэр бүрийн төгсгөлд сүүл холболт байнга хэрэглэдэг хип хопд тухайн үеийн толгой холбосон монгол шүлгүүдийг ашиглахад маш хэцүү байсан гэж хип хоп дуучид дурсдаг. Харин яруу найрагч Р.Чойномын шүлгүүд нь сүүл холболт ихтэй байсан нь тэр үеийн хип хоп сонирхогчдод ихэд таалагдсан учир түүний шүлгээр анхны хип хоп дуунууд амилж байжээ.“Амьдралд ам гарч болдоггүй юм”, “Хэрээ мэд”, “Зарим заримдагуудад зориулсан шүлэг” зэргийг нэрлэж болно.Нөгөө талаар Р.Чойномын шүлгүүд дэх хэнээс ч айж жижигрэлгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг, шүүмжилдэг, ямар нэгэн зүйлд баригдалгүй, эрх чөлөөгөө эрхэмлэдэг утга санаа, билэг танхай,задгай илэрхийлэл олон байсан нь хип хоп залуусын үзэл бодолд тун ойр байсан бололтой.

Монголд хип хоп үүссэн тухай ярихын өмнө “Хар сарнай”, “Хар тас” хамтлагийг дурдахгүй өнгөрч огт болохгүй. Анхны реп өнгө аясыг гаргасан дээрх хоёр хамтлаг тухайн үедээ л хип хоп байлаа. Харин 1997 оноос жинхэнэ хип хоп хамтлагууд байгуулагдаж эхэлсэн нь “Дайн ба Энх”, “Эрх чөлөө”, “Lumino”, “Guys 666”, “Цагаан гавал”, “2 хүү”, “Мон та реп” зэрэг байлаа. Тэдний “Хэрээ мэд”, “Өвөл”, “Шийдний мангасууд”, “Хэт даврагсад”, “Intro”, “Санаа” нэг зэрэг дуунууд радиогоор цацагдаж, хүүхэд залуус тэр чигээрээ сонирхож эхэлсэн юм.

Тухайн үед хамтлагууд бүгд шахуу underground, hardcore, gansta rap гэх мэтийн хараалын үгс олонтой хүнд хэлбэрийн стилийг сонгож байснаас нийгэмд нөлөөлөх хүрээ нь шалихгүй байв. “Иймд нийт масст зориулсан арилжааны зорилготой, хайрын дуу гаргах нь амжилт олох хамгийн дөнгүүр зам байсан юм” гэж одоо ч хип хопоор “өвчилсөөр” яваа нэгэн залуу ярьлаа.  Түүний нэг жишээ бол “Lumino”  хамтлагийн “Бүтэлгүй хайр” дуу. Тухайн үедээ энэ дуу жинхэнэ хит болж чадсанаар хип хоп хамтлагуудыг олонд таниулах гол хөшүүрэг болсон юм. “Lumino” 1999 оны аравдугаар сард анхны хип хоп тоглолтоо, 2000 онд Zaya-SH студиэр “Бүтэлгүй хайр” дуундаа клип хийлгэж олон зүйлээр анхдагч хамтлаг болж чаджээ.

2001 онд Монголын хип хоп холбоо байгуулагдаж, тавдугаар сард нь“Дайн ба Энх” хамтлаг “Өдөр тутам” цомгоо, “Люмино” хамтлаг “Энд гарч ирэв” цомгоо худалдаанд гаргасан зэрэг нь Монголын хип хоп түүхэнд бичигдэхээр үйл явдал болохыг энд дурдаад өнгөрье.

Алдар хүнд

Хэн ч таньдаггүй, хэдхэн жаахан хүүхдүүд байсан Монголын хип хоп урсгалынхан 2000 оноос эхлээд маш алдар хүндтэй олны танил хүмүүс болж эхэлжээ. Тэд рок попын оддын хэмжээнд зиндаархаж, олсон орлого, цомгийн борлуулалтын тоо зэргээрээ рок поп урлагт хүч түрэн орж ирж чадсан юм. Хөгжмийн нэвтрүүлгүүдэд уригдаж, аялан тоглолтонд явж, кинонд хүртэл тоглодог болов. “Татар” хамтлаг тоглолтоороо 20 мянган хүн цуглуулж байсан гэсэн тооцоо байдаг бол 2004 онд гаргасан “Татар” цомог 10 мянган хувь борлогдож байв. Мөн“Lumino”-гийн “Гэрэлт хорвоод” цомог 15 мянган хувь борлогдсон нь хамгийн сайн зарагдсан цомгуудын хоёрдугаарт жагсдаг гэнэ. “Намайг дагаад цэнгэ гэдэг дуугаараа 90 сая төгрөг олсон” гэж тус хамтлагийн ахлагч МС Д.Тэмүүжин “Рэпийн нууц” номондоо дурджээ.

Хип хоп хамтлагуудыг бид гадаад дууны үг, ая хулгайлдаг, зодоон цохион хийдэг, хар тамхи, хүн амины хэрэгт орооцолдог, сагсуу галзуу занг нь гайхаж муулж ярилцаад өнгөрөхөөс биш сайн талыг нь тэр болгон олж харддаггүй. Хэний ч дэмжлэггүйгээр, өөрсдийн цэвэр хүчээр өдий зэрэгт хүртэл өсч өндийн олны танил болж, мөнгө төгрөг олж, амьдралаа сайн сайхан аваад явж байгаа олон хип хоп залуу бий. Энэ бол бахархмаар зүйл бас мөн. Урлагийн бус олон алдартан хип хоп дуунд дуртай болсоноо хэвлэлээр зарладаг. Хип хоп урсгалыг Монголын нийгэмд таниулж, хүлээн зөвшөөрүүлж чадсан тэд том гавъяатай залуус.

Асуудал

Гэсэн хэдий ч Монголын хип хопийн урлагт бэрх асуудал байсаар байна. Гитар барьсан хэн боловч “Нисванис”-ийг шүтэж, хүндэлж, тааралдвал гар барьдаг, дайлж цайлдаг бол хип хопчид эсрэгээрээ. Бие биенээ муухай харах бол наад зах нь. Тааралдвал зодоон цохион ч хийчихэж мэдэхээр байдал байнга гардаг. Өнөөдөр “багшаа” гээд хүндэлж дуудаад маргааш нь дуундаа нэрийг нь оруулаад харааж ерөөгөөд явах бол тэдний хувьд гайхмаар юм огт биш. Өвөр хоорондоо байнга тэмцэлдэж, бие биенээ доромжлох, янз бүрийн хараалын үгээр хэмлэх нь өөрсдөд маань эргээд муу нөлөө үзүүлж байгаа тухай хип хоп дуулдаг залуус санал нэг ярьж байна. Ая, дууны үг хулгайлах зэрэг өч төчнөөн асуудал нүүрлэсэн энэ урсгалынхан хэмнэл буюу beat зохиодог beatmaker-ийндутагдалд орчихсон яваа юм. Монголд хөгжмийн боловрол олгодог цөөхөн газар байдаг. Хамгийн том нь Хөгжим бүжгийн коллеж. Сонгодог хөгжим л заадаг энэ сургуулиас хип хоп хэмээх хөгжмийн урсгалыг зөв утгаар хөгжүүлэх мэргэжилтэн төрөх ямар ч боломжгүй гэж хип хопчид арга барагдангуй ярьлаа. Арга барагдахын оронд асуудал босгож, Хөгжим бүжгийн коллежийн мэргэжлийн хүрээг өргөтгөе гээд зүтгэвэл уг нь чадах л хүмүүс.

Үндэстний тойм сэтгүүл 2011.06.20
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив